Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас агаар, орчны бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник, технологийг танилцуулах үзэсгэлэн худалдааг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.
“БИД НЭГ АГААРТАЙ” уриан дор зохион байгуулагдаж буй энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд агаарын бохирдлыг бууруулах ач холбогдол бүхий 11 аж ахуй нэгж, байгууллага бүтээгдэхүүнээ танилцуулж байна.
Үзэсгэлэн худалдаа 11 дүгээр сарын 23-ны өдөр эхэлсэн бөгөөд 2019 оны 01 дугаар сарын 23–ны өдрийг хүртэлх хугацаанд дүүргийн хоёр дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ айл” худалдааны төвийн нэг давхарт зохион байгуулагдах юм.
Тус үзэсгэлэн худалдаанд байшингийн дулаалгын материал, эрчим хүчний хэмнэлттэй төрөл бүрийн цахилгаан болон дизель халаагуур, шөнө дулаан хуримтлуулагч, агаар шүүгч, зурган халаагуур зэрэг дэвшилтэт технологийн төхөөрөмж худалдаалдаг аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож байгаа юм.