Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, БНХАУ-ын “СиноХайдро” компанийн Төлөөлөгчийн газрын дарга болон төслийн захирал нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км хатуу хучилттай замыг богино хугацаанд барьж ашиглалтад оруулах талаар ярилцжээ.
Энэ өвөл уулзвар, нүхэн гарц зэрэг туслан гүйцэтгэх ажлаа дуусган, татан авалтаа бүрэн хийж, ирэх оны гуравдугаар сард ажлаа эхлэн аравдугаар сарын 1 гэхэд ашиглалтад оруулахыг үүрэг, чиглэл болгов. Мөн энэ зам хурдны замын бүх шаардлагыг хангасан байх ёстойг онцгойлон анхааруулсан байна.
Хотын захиргаа болон БНХАУ-ын компани Налайх-Чойрын уулзвар хүртэлх хоёр урсгал бүхий замыг тогтоосон хугацаанд, чанарын өндөр түвшинд барьж ашиглалтад хүлээлгэн өгнө гэдгийг мэдэгдсэн байна.