Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал боллоо.
Тус хурлаар “Нийслэлийн эх, хүүхэд, нөхөн үржихүйн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” сэвдээр зөвлөгөөн зохион явуулжээ. Мөн эм, эмнэлгийн хэрэгслийн захиалга, “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд нийслэлийн төрийн өмчийн 234 цэцэрлэгийн захирал, эрхлэгч, арга зүйч нарт зориулсан “Амны хөндийн эрүүл мэнд” сургалтыг зохион байгуулах талаар холбогдох хэлтсээс нь мэдээлэл хийсэн юм.
Түүнчлэн улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтын хамралтын мэдээ, цахим программ ашиглалтын байдалд хийгдсэн хяналт үнэлгээ, 2018 оны эхний 11 сарын байдлаар хепатит В, С вирүсийн илрүүлэг үзлэгийн мэдээллийг харьяа байгууллагын удирдлагуудад танилцуулав.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар энэхүү хурлын төгсгөлд томуу, томуу төст өвчний үед эмнэлгүүдийн хүүхдийн нэмэлт орыг үе шаттайгаар дэлгэн зохицуулалт хийж, уртасгасан цагаар ажиллаж буй эмч сувилагч нарын хуваарилалт болон эм тарианы хангамжид анхаарч, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд хүлээгдэл, чирэгдэлгүй түргэн шуурхай хүргэхэд анхаарч, сахилга хариуцлагаа сайжруулах, мөн “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлаа эрчимжүүлэх үүрэг даалгаврыг харьяа байгууллагын дарга нарт үүрэг болголоо.
Эх сурвалж: НЭМГ