Хэдхэн хоногийн өмнө шинэ Үндсэн хууль баталсны өдөр тохиож, уламжлал ёсоор үндэсний бөхийн анхны барилдаан “Буянт-Ухаа” спортын ордонд болсныг манай бөх сонирхогч түмэн андахгүй мэднэ.
Тэрхүү барилдаанд үзүүрлэсэн отгон аварга Н.Батсуурь аймгийн арслан Б.Лхагвадоржийг давсан тэрхэн агшин монголчуудын цахим орчинд цэц булаалцах сенсаац тарьсан юм.
Н.Батсуурь аварга дөрвийн даваанд Өвөрхангай аймгийн арслан, жүдо, сонирхогчдын сүмо, самбогоор барилддаг туршлагатай бөхтэй таарсан билээ. Аварга учраагаа шуудаг, сэнжигний барьцнаас өргөөд бараг л цээжиндээ хүргээд шидсэн нь үзэгч олныг шуугиулсан.
Ийм барилдааныг үзэх л гэж үзэгч олон цаг зав, мөнгөө зарцуулдаг шүү дээ. Аварга Н.Батсуурь аймгийн арслан Б.Лхагвадоржийг хаясан барилдааныг “Буянт-Ухаа” спортын ордны суудлаас бус, харин хэдхэн минутын тасалсан бичлэгээс харсандаа харамссан олон мянган бөх сонирхогч буй гэдэг туйлын үнэн юм.
Н.Батсуурь учраагаа дэндүү чанга хаясан гэх гомдол цахим орчиноор ид хэлэлцэгдэж байна. Тэр ч бүү хэл, учраа бөхдөө хэтэрхий харгис хандсан ч гэх хандлага давалгаалсан. Энд нэг зүйл бий. Бөх гэдэг эрт дээр үеэс аль ч орны цэрэг дайны бэлтгэл хангадаг нэг арга байсан шүү дээ. Энэ утгаараа юун харгислал бэ гээд хэлчихвэл нэг их буруудахгүй болов уу. За, тэр ч яахав.
Гэтэл Н.Батсуурийн Б.Лхагвадоржийг хаясан барилдаан яагаад допинг хэрэглэж цол авсан, нэг нэгэнтэйгээ бөхийн ногоон дэвжээнд нударга зөрөлцсөн, мөнгөөр даваа наймаалцсан, шударга бус шүүлт хийсэн зэрэг үндэсний бөхийн зүй бус үзэгдлээс илүү олны анхаарлын татах болов. Уг нь аварга Н.Батсуурийн өргөж шидэх мэхээр манай сүмогийн ууган аварга Асашёрюү Д.Дагвадорж 10 гаруй жилийн тэртээ Японы олон арван бөхийг чанга хаяхад монголчууд бүгдээрэ уухайлан хашгирсан. Үүнтэй маргах хүн үгүй биз. Угаасаа бөх бол тив тивийн улс орнуудад дайчдаа бэлтгэх тулааны урлаг байсаар ирсэн. Бөх бол мэдээж балет биш гэдэг нь ойлгомжтой.
Ямар ч спортын туйлын цэг “өрсөлдөөн” гэсэн төв дээр огтлолцдог. Бокс гэхэд учраагаа зөөлөн цохиод хожино гэж үгүй. Хөнгөн атлетикт Ямайкийн алдарт “Цахилгаан” Усейн Болт өрсөлдөгчөө өрөвдөөд арай удаан гүйнэ гэж юу байх вэ.
Буруу цааш аа.
Үүний нэгэн адил Н.Батсуурь аварга яахаараа учраагаа “зөөлөн” шиднэ гэж. Түүний хийсэн мэх олимп, дэлхий, тивийн гээд аварга шалгаруулах тэмцээнүүдэд бөхийн ямар ч төрөлд түүн шиг л мэхээ баараггүй хийхийг бүх шилдгүүд эрмэлздэг.
Н.Батсуурь өөрөө ч ид гарч ирэхдээ хашир бөхчүүдийн чанга мэхэнд “чанга” унаж байж л өдий хүрснийг бөх сонирхогчид андахгүй мэднэ дээ. Үүнд олноороо эмзэглэх юун билээ.
Яг ний нуугүй хэлэхэд, аваргын тэрхүү мэхийг буруутгаж тайлбарласан үе үеийн нэг ч бөх алга. Харин ч бөхөд хайртай ард түмний маань хэзээний танил сүмо, жүдо, чөлөөт бөхийн олон аваргууд “Н.Батсуурь байдаг л нэг мэхээр давсан” гэж үзэж байна. Монголын үндэсний бөхийн холбооны менежер С.Гантөр “Ийм тохиолдолд бөхийн ёс зүй яригдах шаардлагагүй ээ. Энэ бол спорт шүү дээ. Унасан бөх гомдол гаргасан тохиолдолд шалгах учиртай. Санаатай болон санамсаргүй үйлдэл хийсэн эсэх нь бичлэгээс харагддаг. Гэхдээ санаатайгаар нугасыг нь таслах гэж оролдсон зэрлэг үйлдэл хийсэн гэж би бодохгүй байна” гэсэн тайлбар хийсэн юм.
Монголчуудын дунд “Facebook”-ээр тус барилдаантай холбоотой өрнөж буй хэлэлцүүлгийг өөр нэг өнцгөөс харж болно. Нэлээд олон хүн сэтгэгдэл бичихдээ аварга Н.Батсуурь аймгийн арслан Б.Лхагвадоржийг дэндүү чанга хаясныг дөвийлгөж, олон түмний дунд төр, засгийг унагаах асуудлаас хөндийрүүлэх оролдлого гэсэн нь ортой ч байж болох...
Д.Жавхлан
Сэтгэгдэл (68)