Мэргэжлийн сумо бөхийн 72 дахь ёкозүна Кисэносато зодог тайлахаар болсноо мэдэгдлээ. Тэрбээр Хацү башёд эхний гурван өдөр гурав унаад байсан билээ.
Тагоноүра ояката " Өчигдөр үдэш Кисэ зодог тайлна гэж хэлсэн. Ёкозүна цолтон ялах үүрэгтэй. Харин манай аварга дараалан ялагдсан нь үнэн. Зодог тайлах шийдвэр гаргахад тийм амар биш байсан нь мэдээж. Надад ч гэсэн хэлэх үг олдоогүй" гэжээ.
Тэрбээр 2017 оны нэгдүгээр сарын башёд 14 даваатай, анхны түрүүгээ авч, 19 жилийн дараа Япон орон япон ёкозүнатай болсон билээ. 2018 оны Хаврын башёд мөн түрүүлсэн ч хүнд гэмтэл авсан. Улмаар өнгөрсөн 11 дүгээр сарын башёд эхний дөрвөн өдөр дараалан унаснаар тэмцээнийг орхисон. Тэмцээний дараа Ёкозүнагийн зөвлөлөөс түүнд Хацү башёд заавал барилдах үүрэг өгөөд байсан юм.
Л.Сайнаа