ЖДҮХС-гийн зээл олголттой холбоотой асуудлыг шалган судлах чиг үүрэг бүхий “Түр хороо байгуулах тухай” тогтоолыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Уг тогтоолыг Н.Номтойбаяр, Н.Амарзаяа, Ж.Бат-Эрдэнэ, Д.Ганболд, Д.Оюунхорол, О.Содбилэг, А.Ундраа нарын гишүүн санаачлан өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 21-нд УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй нөхцлөөр олгодог ЖДҮХС-гийн зээлээс УИХ, Засгийн газрын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компаниуд их хэмжээний зээл авсан нь нийтэд ил болсон. Тиймээс уг асуудлыг нарийвчлан шалгаж, хуул зөрчсөн этгээдүүдэд хариуцлага тооцох, нийтэд үнэн бодит мэдээлэл хүргэх зорилгоор Түр хороо байгуулах тогтоолын төсөл боловсруулснаа Н.Номтойбаяр гишүүн танилууллаа.
Тогтоолын төслийг боловсруулахдаа УИХ-ын ЖҮД-иийг дэмжих дэд хорооноос санал аваагүй гэдгийг Ж.Ганбаатар гишүүн дурьдаад УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлэх шаардлагатайг хэллээ. Харин Н.Номтойбаяр гишүүн, “ЖДҮХС-тай холбоотой асуудал яригдаад олон сар өнгөрч байхад дэд хороо тодорхой алхам хийгээгүй. Тогтоолоор байгуулагдсан түр хороо санхүүгийн шалгалт хийх тул зөвхөн Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлсэн” гэдэг тайлбар өгсөн юм. Энэ үеэр Ж.Батзандан гишүүн тогтоолын төслийг дэмжихээ илэрхийлээд Түр хороонд ашиг сонирхлын зөрчилгүй гишүүн томилох хэрэгтэй хэмээлээ.
Г.Эрдэнэ