Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг ээлжит Гран-При тэмцээн Туркийн Анталия хотод өчигдөр эхэлллээ. Энэ удаагийн тэмцээнд 76 орны 485 тамирчин өрсөлдөж байна. Манай улсаас дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг, Г.Болдбаатар тэргүүтэй 19 жүдоч оролцож байгаа.
Өчигдөр болсон хөнгөн жингийн барилдлагаар эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд гавьяат тамирчин М.Уранцэцэг Финландын К.Какко, Унгарын Река Путт, Азербайжаны Г.Маммадалиева, Бразилын Л.Пиментаг ялж, Румыны А.Читуд ялагдан мөнгөн медаль хүртлээ. Харин Б.Хорлоодой хоёрдугаар тойргоос, 48 кг-д О.Баасансүрэн эхний тойргоос тэмцээнээ дуусгасан юм. Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Г.Хэрлэн шагналт тавдугаар байр, 60 кг-д Гавьяат тамирчин Г.Болдбаатар шагналт долдугаар байр эзэллээ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Гавьяат тамирчин Г.Одбаяр, ОУХМ Г.Чойжилсүрэн, 81 кг-д Б.Мөрөнцэн, эмэгтэйчүүдийн 63 кг-д Ц.Сүнжидмаа нар барилдана.