Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны календарьт багтдаг “Монголиа Опен” олон улсын “А” зэрэглэлийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон.
Ес дэх удаагийн тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, Япон, Казахстан, Украин, Сингапур, Йемень, Беларусь гэсэн есөн орны 300 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдөв.
Тэмцээнд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа, мөнгө, хошой хүрэл медальт, гавьяат тамирчин О.Бурмаа, хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран, Э.Бэхбаяр, мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат, Б.Номин, ОУХМ Б.Одончимэг, Э.Сумъяа, ОУХМ Т.Түвшинтулга, Б.Шоовдор тэргүүтэй Монголын чөлөөт бөхийн шилдгүүдээс гадна “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт Эльмира Сыздыкова (Казахстан), ДАШТ-ий хүрэл медальт Владислав Андреев, Европын наадмын аварга Александр Богомоев, Европын аварга Валерия Чепсаракова тэргүүтэй олон шилдэг хүчитнүүд Улаанбаатарын дэвжээнд зодоглолоо.
Монгол Улсын баг тамирчид нутгийн дэвжээн дээрээ 16 алт, 11 мөнгө, 27 хүрэл медальтай багийн дүнгээр тэргүүлж, ОХУ хоёр алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл, Казахстан нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл, Япон алт, мөнгө, хүрэл медаль тус бүр нэгийг хүртсэнээр удаалсан байна.