Хар зах зээлийн үнэлгээгээр үлэмж их хэмжээний төгрөгөөр үнэлэгдэх мөнгөн усыг хууль бусаар олж авч бусдад худаалах гэж байсан хэрэг гарчээ.
Тодруулбал, 70-80 кг мөнгөн ус худалдахаар авч явсан нэгэн хүнийг Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийнхэн илрүүлэн, мөрдөж эхэлсэн байна. Дээрх мөнгөн усыг Оросын цэргийн ангийнхнаас авч, олон жил хадгалсан тухай мэдээлэл байна. Харин ЗХЖШ болон цэргийн мэргэжлийн хүмүүс "Оросын цэргийн ангиудад мөнгөн ус төдийлөн ашигладаггүй байсан. Тэгээд ч Оросуудыг гарах үед цэргийн ангийн эд хогшлыг манайхан бүгдийг нь тонож дуусгасан учраас химийн бодис тэндээс олж авсан гэдэг нь худлаа" гэсэн тайлбар өгсөн байна.
Харин цагдаагийнхан өөр олон сэжүүрийг холбогдуулан шалгаж эхэлсэн байна. Тухайлбал, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн хашаанд байрлах агуулахад 120 кг мөнгөн уснаас тал нь алга болсон хэрэг олон жилийн өмнө гарч байсан. Одоо болтол эзэн холбогдогч нь тогтоогдоогүй эл хэрэгтэй дээрх мөнгөн усыг холбоотой байж болзошгүй гэх таамаг ч байгаа юм байна. Энэ талаар цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл хийх юм байна.
Г.Алимаа
Сэтгэгдэл (1)