Гүйцэтгэх ажлын журам зөрчсөн үндэслэлээр саатуулагдсан ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурцыг үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэх юм байна.
Түүнийг ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр анги ганцаарчлан хорьж буй.
Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн гэх үйлдэлд холбогдуулан ТЕГ-ын Мөрдөн байцаах газрын мөрдөгч, хурандаа Б, дэд хурандаа У болон ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх албанд офицероор ажиллаж байгаад чөлөөлөгдсөн, Б.Хурцын хадам дүү Ү.Отгонбаяр, хорих ангийн төлөөлөгч, хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн дээрх хоёр хүнийг айлган сүрдүүлж буй бичлэгт байгаа хүмүүжигч Итгэлтөгс нарын хүнийг АТГ-т шалгаж байсан юм. Харин Улсын ерөнхий прокурор уг хэргийн харьяалалыг шинээр тогтоосноор цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн нь энэ юм.
Ингэхдээ хэрэг шилжиж очихын өмнөх өдөр ЦЕГ-ын удирдлагаас тушаал гаргаж, Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн, Хүрээлэн буй орчны эсрэг, Онц хүнд, хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга нарыг хооронд нь сэлгэн томилсон байна.
Г.Эрдэнэ