УИХ-ын гишүүн З.Нарантуяа Малын хулгайтай тэмцэх хуулийн төсөл боловсруулсан талаараа мэдээлэл өглөө. Тэрбээр “Хөдөө орон нутгийн малчид УИХ-ын гишүүдийг гурван зүйлийг анхааралдаа аваач гэдгийг хэлж байна. Энэ нь бэлчээрийн доройтол, малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэр бий болгох. Тэр дундаа малын хулгайг бууруулах чиглэлд онцгой анхаарал хандуулаач гэж байна. Иймд одоогийн мөрдөгдөж байгаа Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийг сайжруулах шаардлагатай байна.
Тухайлбал, Эрүүгийн хуулийн 17.1.3, 17.12-р зүйлд өөрчлөлт оруулах, Зөрчлийн хуулийг сайжруулах шаардлага байна.
Одоогийн хуульд зааснаар бод мал найм, бог мал 24 хулгайлсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Энэ тоонд хүрэхгүй бол албадан хөдөлмөр, хөл хорио тогтоох арга хэмжээ авдаг.
Бид хуулийг сайжруулахдаа иргэдийн санал, хүсэлтийг авна” гэлээ. Түүнчлэн “Өнгөрсөн жил гэхэд малын хулгай 1094 бүртгэгдсэн байна. Энэ нийт хулгайн гурван хувийг дангаараа эзэлж байна” гэсэн юм.
Малын хулгайн талаар малчин Ш.Оюунтуяа “Би таван жилийн дотор 20 адуу, найман шараа хулгайд алдсан. Бог мал хариулгатай байдаг учир харьцангуй бага алдагддаг. Хулгайд малаа алдаад цагдаад хандахаар “Та хэнийг шалгуулах хүсэлтэй байна” гэдэг. Айл саахалт буусан ах, дүүсийнхээ хэнийг нь хэлэх билээ. Тэднийд тийм хүн ирсэн гэж тэрийг сэжиглэж байна гэх зэргээр таамагласнаа хэлдэг. Тэгэхээр “За бид шалгаад хариу хэлье” гэдэг. Нэг ч удаа би хохирлоо барагдуулж үзээгүй. Цагдаа нар хариу хэлдэггүй. Очоод уулзахаар “Малын хулгайн хөөн хэлэлцэх хугацаа зургаан сар байдаг. Тиймээс шалгах боломжгүй” гэдэг" гэв.
Харин малчин Ж.Цогт “Намайг хонио хариулж явах хойгуур миний 10 адууг хулгайлсан. Одоог хүртэл хулгайчийг олж чадаагүй байна” гэсэн юм.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (2)