Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа нарт холбогдох албан тушаалаа ашиглан авлига авсан хэргийг хөөн хэлэлцэх хуулийн хугацаа дууссан хэмээн үзэж хэргийг хаасан. Уг хэргийг хөөн хэлэлцэх хугацаа нь таван жил байсан юм. Тэгвэл УИХ-ын гишүүн С.Бямбацогт 2012 онд санаачилсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулахдаа дээрх заалтыг тусгасан гэж хардлага буй. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Бямбацогт тайлбар өглөө.
Тэрбээр “Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуульд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зүйлийг тодорхой тусгасан байсан.
Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь эзэн холбогдогч олдохгүй, хэрэг үүсгэх бололцоогүй тохиолдолд үйлчилдэг.
Хэргийн эзэн холбогдогч нь тогтоогдсон, хэргийн эзнийг яллагчаар татсан тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг зогсооно гэдэг агуулгаар боловсруулж хуулийн төсөл өргөн барьсан. УИХ анхны, эцсийн хэлэлцүүлэг хийх явцдаа Эрүүгийн хууль, Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулж эзэн холбогдогч нь тогтоогдсон асуудалд хөөн хэлэлцэх хугацааг үйлчлэхээр болгож өөрчилсөн.
Үүнтэй холбоотой саяын хөөн хэлэлцэх хугацаатай асуудал үүссэн.
Тиймээс бидний өргөн барьсан хуульд хөөн хэлэлцэх хугацаа тодорхой хэрэг үүсгэсэн тохиолдолд зогсохоор зүйлчилсэн” гэв.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (1)