Нийслэлийн прокурорын газраас шүүхээс баривчлах шийтгэл оногдуулсан этгээдийг Цагдаагийн байгууллагаас баривчлах байранд хүлээлгэн өгч, шийтгэлийг эдлүүлж байгаа байдалыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баривчлах төвд шалгажээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баривчлах төвд өнгөрсөн сарын байдлаар нийслэлийн найман дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэврээр баривчлагдсан нийт 2566 хүнийг хүлээн авч, шийтгэл эдлүүлсний 96 хувь буюу 2463 хүн нь эрэгтэй, дөрвөн хувь буюу 103 нь эмэгтэй байна. Баривчлагдсан этгээдүүдийн тоон үзүүлэлтийг урьд оныхтой харьцуулж үзвэл, 2018 оны дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар баривчлагдсан 1601 хүн байсан бол энэ оны мөн үеийн байдлаар баривчлагдсан хүний тоо 2566 болж, 965 буюу 38 хувиар өсчээ.
Шалгалтын хугацаанд Цагдаагийн байгууллагаас шүүхийн шийтгэврээр баривчлах шийтгэл хүлээсэн этгээдийг Баривчлах төвд хүргэж өгөөгүй зөрчил тогтоогдоогүй, нэг хүний биед эмч үзлэг хийхэд цээжин тус газартаа гэмтэлтэй байсан тул “Баривчлах байрны дотоод журам”-д заасны дагуу хүлээн авалгүй, энэ тухай шүүхийн шийтгэвэрт тэмдэглэл үйлдэж, прокурорт мэдэгдэн буцаасан байв. Баривчлах шийтгэлтэй этгээдийг хүлээн авахдаа холбогдох хууль, журамд заасны дагуу хүргэж очсон албан тушаалтныг байлцуулан иргэний бичиг баримт, зурагтай нь тулгалт хийн, шийтгэврийн бүрдлийг шалгаж хэвшсэн бөгөөд хөтлөгдвөл зохих бүртгэлийг бүрэн хөтлөн ажиллаж байна.
Баривчлагдсан этгээдийн тоо нэмэгдснээр байрны багтаамж нь хүрэлцэхгүй болж, нэг хорих өрөөнд 13-16 хүнийг байршуулж байгаатай холбогдуулан Нийслэлийн ерөнхий прокуророос энэ оны хоёрдугаар сарын 19-ний өдөр прокурорын шаардлага хүргүүлсний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 409 дүгээр хаалттай хорих ангийн эзэмшилд байгаа хоёр давхарын 24 өрөө бүхий 1660 м.кв талбайтай хэсгийг төвийн эзэмшилд шилжүүлэхээр шийдвэрлэн, засварын ажлыг эхлүүлэхээр бэлэн болжээ.
Дээрх шалгалтын дүнг Баривчлах төвийн албан хаагч нарт танилцуулж, цаашид Цагдаагийн байгууллагаас баривчлагдсан хүнийг хүргэж өгсөнийг “Баривчлах байрны дотоод журам”-д заасан үндэслэлээр хүлээн аваагүй буцаасан үндэслэлийн талаар прокурорт даруй танилцуулга ирүүлж байх үүрэг чиглэл өгч ажиллажээ. Нийслэлийн прокурорын газраас мэдээллээ.