Спортын наадам дундаас хамгийн өндөр шагналтайд тооцогддог "Улаанбаатар марафон-2019" маргааш болох гэж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Биеийн тамир, спортын хорооноос зоохион байгуулдаг олон улсын гүйлтийн тэмцээн нь хамгийн олон хүнийг хамруулсан арга хэмжээгээр тодордог. Өөсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид /мэргэжлийн/ болон гэр бүл, тэргэнцэртэй иргэдийн дунд болдог уг гүйлтийн тэмцээн маргааш Сүхбаатарын талбайгаас хөдлөх юм.
Улс төр болоод урлаг соёл, спорт, бизнесийн салбарын олон алдартнууд уг тэмцээнд хүч үздэг.
Тэгвэл энэ жилийн гүйлтэд “Рио 2016” олимпийн наадам, ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Д.Отгондалай оролцохоор болсон байна. Тэрбээр 10 км-ын зайд гүйх бөгөөд өнөөдөр энгэрийн дугаараа авчээ.
“Улаанбаатар марафон 2019” олон улсын гүйлтийн тэмцээний мэргэжлийн ангилал хагас /21095 м/ болон бүтэн /42195 м/ марафон гүйлтэд шилдэг тамирчид өрсөлддөг. Тиймээс эхний 10 байрт орсон тамирчид 800 мянгаас 10 сая хүртэлх мөнгөн шагналаар шагнадаг. Тодруулбал, бүтэн марафонд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй тамирчдыг тус бүр 10 сая төгрөгөөр урамшуулах юм.
Харин өсвөрийн ангилалын 5000 метрийн зайд эхний байранд орсон тамирчдыг 50-200 мянган төгрөгөөр шагнана.
Өнгөрөгч 2018 оны гүйлтийн тэмцээнд АНУ, Австрали, Канад, Малайз, БНХАУ, БНСУ, Япон зэрэг 30 орны 400 гаруй гүйгчид оролцсон. Тэдэнд дунд мэргэжлийн тамирчдын ангилалд Кени, Этиоп, Японы тамирчид багтаж, медальт байрт шалгарч байсан билээ.
“Улаанбаатар марафон 2019” олон улсын гүйлтийн тэмцээний үеэр төвийн замын автомашины хөдөлгөөнийг хаах юм. Мөн маргааш Нийтийн тээвэрт багагүй өөрчлөлт орох бөгөөд хотын төв хэсгээр явдаг троллейбус үйлчлэхгүй юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг http://ub-marathon.ub.gov.mn/ сайтаас авах боломжтой юм байна.
Г.Алимаа