Буриадын Ерөнхийлөгчийн цом буюу “Байгаль Опен” олон улсын тэмцээн энэ сарын 17-оос 19-ний ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотын спорт цогцолборт боллоо.
24 дэх удаагийн тэмцээнд ОХУ, Монгол, Доминикан, БНСУ, Унгар, Казахстан, Тажикистан, Украин, Беларусь, Турк, Кыргызстан, Азербайжан, БНХАУ гэсэн 13 орны 257 (эрэгтэй 185 эмэгтэй 74) тамирчин эрэгтэйчүүдийн 10, эмэгтэйчүүдийн зургаан жинд өрсөлдсөн байна. Манай улсаас тус 100-аад тамирчин Улаан-Үдийн дэвжээнд зодоглосноос таван алт, долоон мөнгө, 11 хүрэл, нийт 23 медаль хүртлээ.
Тодруулбал, эмэгтэйчүүдийн 50 кг-д ОУХМ Ц.Намуунцэцэг, 53 кг-д ОУХМ Э.Сумъяа, 62 кг-д Ө.Пүрэвсүрэн, 68 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа, 76 гавьяат тамирчин О.Бурмаа алтан медалийн эзэн болсон юм.
Түүнчлэн эрэгтэйчүүдийн 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга, 86 кг-д ОУХМ Г.Ганхуяг, 125 кг-д ОУХМ Д.Хүдэрбулга, 50 кг- спортын мастер Н.Анударь, 57 кг-д ОУХМ Б.Хонгорзул, 68 кг-д Х.Болортуяа, 76 кг-д Г.Ариунжаргал мөнгө, эрэгтэйчүүдийн 65 кг- Б.Нямдорж, 74 кг-д ОУХМ Б.Бямбадорж, 92 кг-д ОУХМ М.Лхагвагэрэл, эмэгтэйчүүдийн 50 кг-д тамирчин ОУХМ Б.Чимгээ, 57 кг-д тамирчин ОУХМ А.Батцэцэг, спортын мастер П.Шинэхүү, 62 кг-д ОУХМ Б.Шоовдор, Д.Түмэнхүслэн, 68 кг-д ОУХМ Э.Цэвэгмид, 76 кг-д ОУХМ Г.Уртнасан нар хүрэл медаль хүртэв.
Буриадууд уламжлалт тэмцээнийг нэрийг сольж энэ жилээс “Байгаль Опен” болгосноос гадна 2013 оноос хойш эмэгтэйчүүдийн олимпийн зургаан жинд зохион байгуулсан юм. Манай эмэгтэй бөхчүүд таван жинд нь түрүүлсэн. Эзэн орны эрэгтэй бөхчүүд дөрвөн жинд аваргалсан юм. Монголчуудын эчнээ танил А.Богомоев 61 кг-д, Д.Шарастепанов 65 кг-д, Е.Жербаев 70 кг-д, А.Будажапов 74 кг-ын жинд түрүүлжээ.