"Сант" сургуулийн 12 дугаар ангийн сурагч Э.Бүртэ-Үжин, "Орчлон" сургуулийн наймдугаар ангийн сурагч Б.Урангоо, аравдугаар ангийн сурагч Б.Амур нар Италид зохион байгуулдаг Хиппо олимпиадын тэргүүн байрыг хүртэж, алтан медалийн эзэд болжээ. Мөн 84 дүгээр сургуулийн сурагч Ц.Хулан V байр, Монгол-Оросын хамтарсан сургуулийн сурагч Ч.Есүй IV байр, Сакура сургуулийн сурагч М.Буяннэмэх VI байр эзэлсэн байна.
Английн боловсролын хамгийн том байгууллага Pearson, Gatehouse awards байгууллагууд ивээн тэтгэж, Италид зохион байгуулдаг Хиппо олимпиад гурван үе шаттай явагддаг бөгөөд эхний хоёр шат нь тухайн улсдаа, сүүлийн шат нь Италийн Венецийн Лидо ди Жесоло гэх далайн эргийн хотод болдог. Энэхүү Олимпиадын эхний шатанд 40 орны 32 мянган сурагч, сүүлийн шатанд 164 сурагч оролцсон байна.
Манай улсын 14 аймаг, Улаанбаатар хотоос нийтдээ 4500 гаруй сурагч сонсох, унших, бичих гурван чадвараар өрсөлдсөн бол сүүлийн шатанд 16 сурагч шалгарч Итали Улсад өрсөлдсөн нь энэ юм.
Монгол Улс нь тус Олимпиадад гурав дахь удаагаа оролцож байгаа юм.
Алтан медалийн эзэн 12 дугаар ангийн сурагч Э.Бүртэ-Үжин АНУ-ын Миссури Их Сургуулийн зуны хоёр долоо хоногийн хөтөлбөрт хамрагдах эрхээр шагнуулсан байна.