Хөгжлийн банкны хэргийн гэм буруугийн шүүх хурал 39 дэх өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг буруутгасан прокурор нарын үндэслэлд тайлбар хийж үгүйсгэсэн өмгөөлөгчдийн тайлбарыг бүрэн эхээр нь хүргэж байна.
“Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч н. Болдбаатар, Э.Цацрал бид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн өмгөөлөгчөөр оролцож байгаатай холбогдуулан прокуророос УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэн цагаатгах байр сууриас хууль зүйн дүгнэлтээ гаргаж байна.
Өнгөрсөн өдрүүдэд прокурор нарын гаргасан гэм буруугийн дүгнэлтийг сонслоо. Энэ хурлаас эрхэм прокурор нарыг УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг буруутгах гэж Засгийн Газрын тогтоолыг хууль бус гэж урьдчилан тогтоож, гэмт хэрэг гэж үзэн түүнийгээ нотлох гэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчин яллаж байгаа алдаагаа засах болов уу гэж Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.7-д зааснаар яллахаас татгалзах гэсэн заалтыг баримтлан хуульчийн үүргээ гүйцэтгэх байх гэсэн хүлээлттэй байсан юм.
Учир нь Монгол Улсын Үндсэн Хуулийн 38 дугаар зүйлд Монгол Улсын Засгийн Газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн. Засгийн Газар нь улсын эдийн засаг, нийгэм хөгжлийн үндсэн чиглэл, салбар, бүс нутгийн хөгжлийн асуудлаар арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэх бүрэн эрхтэй гэж заасан байдаг.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг 2012-2014 оны хооронд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхад Засгийн Газар нь Монгол Улсын Үндсэн Хууль, Засгийн Газрын тухай хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэн Засгийн Газрын тухай хуулийн наймдугаар зүйлд заасан "Эдийн засгийн хөгжил, шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх талаар Засгийн Газрын бүрэн эрх, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, хөгжлийн зорилтот хөтөлбөр, Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, улсыг хөгжүүлэх жилийн төлөвлөгөө, улсын төсвийн биелэлтийг хангах ажлыг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагаар дамжуулан зохион байгуулна. Эдийн засгийн харилцааг аж ахуйн бүх хэвшлийн хөгжлийн сонирхолд нийцүүлэн зохицуулж шударга өрсөлдөөнөөр дамжин дангаар ноёрхлыг хязгаарлах, эдийн засгийн тэнцвэрийг сайжруулах арга хэмжээ авна" гэсэн бүрэн эрхийн хүрээнд нүүрсний экспортыг дэмжих, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, гадаад худалдааны тэнцвэрийг сайжруулах, улсын болон орон нутгийн төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төмөрлөгийн үйлдвэрийг дэмжих, Засгийн Газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 299, 256 дугаартай Засгийн Газрын шийдвэрийг гаргасан байдаг.
Энэ Засгийн Газрын бодлого, шийдвэр нь эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн ямар ч шинж байхгүй бөгөөд хүчин төгөлдөр үйлчилж дуусаад өдгөө 10 жил болсон байна. Харин тогтоолын үр дүнд Монгол Улсад давуу байдал бий болж экспорт нэмэгдэж, олон тэрбум төгрөгийн орлого олж Монгол Улсдаа байхгүй гангийн үйлдвэртэй болж байна. Монгол Улсад бий болсон энэ бодит байдлыг харамсалтай нь прокурор нар Засгийн Газрын шийдвэрийг хэн нэгэнд давуу байдал олгосон шийдвэр мэтээр бодит байдлыг гуйвуулж, тогтоолоос нь нэг хэсгийг таслан авч эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж яллах дүгнэлтэд дурдсан зүйлчлэлээ гэм буруугийн шатны шүүх хурал дээр өөрчилж, зарим нэг нотлох баримтаас үг, өгүүлбэрийг зориудаар хасаж, өгүүлбэрийн утга санааг алдагдуулж, түүвэрлэж Засгийн Газрын 299, 256 дугаартай тогтоолыг хянасан, боловсруулсан, нийлсэн хэсгийг хасаж слайд үзүүлж, гэм буруутай гэж шууд ойлгогдох байдлыг илэрхийлж, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хийгээгүй үйлдлийг нь хийсэн гэж албан үүргийн хамаагүй зүйлийг хамаатуулах байдлаар үе үеийн Засгийн Газрын бодлогоор дамжиж хэрэгжсэн шийдвэрийг Н.Алтанхуяг гаргачихсан мэт дүгнэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй байгаа юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1, 6 дугаар зүйл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх. Үүнд прокурор эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад хуулийн заалтыг чанд сахина гэсэн заалтыг зөрчиж байна. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчин яллаж байгаа нь Монгол Улсын Үндсэн Хуулийг зөрчиж, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэлд халдсан эрүүгийн эрх зүйн шинэ жишиг гаргаж байгаа үзэгдэл болж байна.
Монгол Улсын Үндсэн хуулиар Засгийн Газрын шийдвэрийн талаар хуулийн 45 дугаар зүйлд Засгийн Газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол, захирамж гаргах бөгөөд Ерөнхий сайд, тухайн шийдвэрийн биелэлтийг хариуцсан сайд гарын үсэг зурна. Хуулийн хоёрт, Засгийн газрын тогтоолын захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу УИХ хүчингүй болгоно гэж хуульчилсан байдаг. Хуулийн 65 дугаар зүйлийн нэг, Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу УИХ, Ерөнхийлөгч, ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ. Хоёр, Үндсэн хуулийн цэц нь энэ зүйлийн нэг дэх хэсэгт заасан үндэслэлээр дараах маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж УИХ-д оруулна. Хууль, зарлиг, УИХ, ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн Газрын шийдвэр Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх.
Хууль, зарлиг, УИХ, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн Газрын шийдвэр нь Үндсэн хуульд нийцэх шийдвэр гаргавал зохих хууль, зарлиг батлан шийдвэрийг хүчингүй болгоно гэж хуульчилсан байгаа бөгөөд прокуророор Үндсэн хууль давж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй хугацааг ч үл хэрэгсэж хүний эрхийг бүдүүлгээр зөрчөөд байна.
Иймд бидний зүгээс гэмт хэргийн шинжгүй асуудлыг ингээд орхимоор байгаа боловч прокурор нар УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг яллах дүгнэлтээрээ гэм буруутайд тооцуулах гээд хууль буруу хэрэглэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчиж байгаа учраас энэ асуудлыг үгүйсгэхийг тайлбар дүгнэлтээ гарган үргэлжлүүлье.
Үүнд,
- Нийтийн албан тушаалтан байхдаа Батбаяр, Шинэбаатар, Мөнхбат нартай бүлэглэн гэж байна.
- Тооцоо судалгаагүй, санал авалгүйгээр танилцуулга хийж хэлэлцүүлсэн.
- Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан.
- Тогтоолын төслийг хэлэлцүүлж шийдвэрлэсэн албан үүрэг болох хуулиа холбогдох журам заалтыг зөрчсөн.
- Эдийн засгийн давуу байдал бий болгосон гэж буруутгаад байна.
Прокурор нар яллах дүгнэлтэд УИХ-ын Н.Алтанхуягийг буруутгах гэсэн дараах нотлох баримтуудыг ашигласан байна. Үүнд, нэг хохирогчийн мэдүүлэг. Энэ нь Хөгжлийн банкны төлөөлөгч байгаа. Одоо байхгүй. Мөн хохирол учраагүй, нэхэмжлэх зүйлгүй болсон. Давхардаагүй тоогоор 33 хүний мэдүүлэг байна. Үүнээс Н.Алтанхуягийг шууд буруутгасан нэг гэрчийн мэдүүлэг байна. Үүнийгээ шүүх хурал дээр залруулсан байдаг. Бусад гэрчийн хувьд өөрийн бодол санаагаа илэрхийлсэн байдаг. Мөн тухайн гэрчүүд гэрчилж буй зүйлээ мэдэхгүй, санахгүй байна гэдэг.
Түүнчлэн бусад холбогдолгүй гэрч нар байгаа. Гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам зөрчсөн мөн хөтөлсөн асуулт тавьсан. Анхны мэдүүлгээр баримт үзүүлсэн, чиглүүлсэн зэрэг нөхцөл байдал байгаа. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.7 хэсгийг зөрчсөн байгаа тул нотлох чадвараа алдсан байна. Гол зөрчил бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хулийн 1, 5 дугаар зүйлийн нэгдүгээр хэсгийн нэг, хоёрт заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол бий болсон байхад зөрчиж мэдүүлэг авсан гэрчийн мэдүүлгийн ач холбогдлоо алдсан байна.
Ингээд дөрвөн яллагдагчийн мэдүүлэг, хуулийн этгээдээс гаргуулсан баримт, албан тоот мөн 299 тогтоолтой холбоотой уялдаж явагдсан үе үеийн Засгийн Газрын шийдвэрт холбогдох баримтууд байгаа. Энэ баримтуудыг сайн судалж үзсэн бол Засгийн Газрын шийдвэр яаж хэрэгждэг, нэг хоёр хүн нийлээд хуувилдаад хийчихдэг зүйл мөн эсэхийг тогтоож болох байсан. Прокурор энэ баримт дотроос гэм буруугийн дүгнэлт хийхдээ үндэслэл болгож байгаа гол нотлох баримтыг тайлбарлавал, мөрдөгч Засгийн Газрын 2013 оны наймдугаар сарын 16-ны өдрийн 299 дугаартай тогтоолын хувийн хэрэгт баримт бичигт үзлэг хийж хуулбарлан авсан тэмдэглэл прокурорт давтан слайдаар үзүүлж улаанаар тэмдэглэсэн хэсэг гэж тодотгож үзүүлээд байгаа. Үүгээрээ прокурорт гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талыг харуулсан юм шиг байгаа юм. Бидний зүгээс нотлох баримт шинжлэн судлах шатанд прокурорын 2022 оны гуравдугаар сарын 2-ны өдөр 296 дугаартай зөвшөөрөл болон үзлэг хийсэн тэмдэглэлийг судалсан. 332 дугаар хавтаст хэргийн хуудас 45-41 дүгээр тал. Үүнийг судалж няцаасан боловч дахин дахин гаргаж ирээд байгаа учир бусад баримттай нь холбогдуулан тайлбарлая. Үүнд,
- Прокурор архивын баримтад үзлэг хийх зөвшөөрлийг 2022 оны гуравдугаар сарын 2-ны өдрийн 13:30 цагаас 2022 оны гуравдугаар сарын 4-ний өдрийн 17:30 цагийн хооронд явуулахыг зөвшөөрсөн байдаг. Мөрдөгч энэ хугацаанд үзлэгээ явуулаагүй зургаан хоногийн дараа буюу 2022 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн 16:40 цагаас 18:00 цагийн хооронд явуулж тэмдэглэл үйлдэж хуулбарлан авсан байдаг. Энэ нь мөрдөгч зөвшөөрсөн хугацаанд үзлэг явуулаагүй учир үзлэгээр хийгдсэн ажиллагаа нотлох чадвараа алдсан үр дагавар бий болоод байна.
- Энэ хурлын тэмдэглэл үйлдсэн субьект нь хаалттай хэсэгт шилжсэн, нууцын горимоос гаралгүй тэмдэглэлийг үргэлжлүүлж бичсэн техникийн алдаа гаргасан. Үүнийг тодруулж шалгаагүй нь тухайн үед яригдсан асуудлуудыг утга агуулгыг нь алдагдуулж, буруутгаж ашиглаж хамаарал бүхий асуудал нь аль болохыг нь ялгаж салгалгүйгээр үр дагавар үүсгэсэн.
- Мөрдөгч тэмдэглэлийг гараараа хуулж бичихдээ зарим нэг үг, өгүүлбэрийг орхигдуулсан байна. Үүнийг Н.Алтанхуяг гишүүн албан ёсоор өөрийн хүсэлт гаргаж авсныг текстэн хэлбэрт буулгаж зөрүүг нь гаргасан.
- Прокурор энэ хэсгээс яллах үг, өгүүлбэрийг зориуд сонгон авсан. Энэ нь бүхэлдээ хурлын тэмдэглэлийн утга санааг алдагдуулаад байна.
- Тэмдэглэлээс дээр дурдсан зарим гишүүд байр сууриа илэрхийлж, “мөнгө гаргаснаар шатна” зэрэг үг хэлсэн нь ашиг сонирхлын зөрчлөө илэрхийлсэн Д.Бат-Эрдэнэ гишүүний бодож таамагласан үгийг онцлон авсан боловч өнөөдөр бодит байдал дээрээ бүрэн үгүйсгэгдэж ашиг орлого нь хэдэн зуун тэрбум болсныг нотлох баримтуудаар харуулсан.
- Прокурор гэмт хэргийн бүрэлдэхүүнд багтдаг субьектив талыг тэмдэглэлээс авч “Өнөөдөр шийддэгээрээ шийднэ. Явцын дунд ярь л даа гээд алх цохив” гэдгээр тогтоох гээд байна. Гэтэл яг энэ мөчид яригдаж байгаа асуудал нь Батбаяр сайд Д.Бат-Эрдэнэ сайдад хандаж “Хойшлуулах уу гэсэн саналыг явцын дунд ярь гээд тэд нарт бас боломж байна гэвэл хаахгүй шүү дээ. Тэнд байгаа компани тодорхой хувийг авч байг. Энэ бол асуудал байхгүй” гээд алх цохиж хурал дууссаныг илэрхийлж бусдад боломжийг нь үлдээсэн байгааг тэмдэглэлд бичсэн байдаг. Харин Н.Алтанхуяг гишүүний санаа зорилго нь тус өдрийн хурлын дэлгэрэнгүй тэмдэглэлийг 317 дугаар хавтаст хэргийн 54 дүгээр тал дээрээс Болдбаатар өмгөөлөгч нотлох баримтаар уншиж судалсан. Мөрдөгч тухайн хуралд оролцсон гишүүдээс мэдүүлэг аваагүй. Асуудлыг тогтоогоогүй гэдгийг тодруулж байна. Энэ мөрдөгчийн гаргасан алдаа зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7-д заасан энэ хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй гэж хуульчилсан учраас нотлох баримтаар үнэлэхгүй болж байгаа юм. Харин тухайн хурлын тэмдэглэл дээрээс Н.Алтанхуяг гишүүний сэдэл зорилго бүхий субьектив тал дээр буруутгах зүйл байхгүйг давтан хэлмээр байна. Мөн хуулийн наймдугаар зүйлд шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэл болно гэсэн хуулийн заалтыг тодруулан уншъя.
Хоёрдугаарт, албан үүрэг болох гэдгээр,
Монгол Улсын Засгийн Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь, 6, 7, 30 дугаар зүйлийн хоёр дахь, Авлигын тухай хуулийн долдугаар зүйл, 7.3 Монгол Улсын Засгийн Газар 2009 оны гуравдугаар тогтоолын хавсралтаар баталсан Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журмыг 5.1.4, 6.1-д заасан заалтыг зөрчсөн гэж хамаатуулж байгаа юм.
Хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэл УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн халдашгүй эрх, хүний төрөлхийн заяамал эрхэд халдсан үйлдлээ хаацайлж буруутгах үндэслэл байхгүй болохоороо хамаатуулахын тулд гаргаж ирсэн ийм заалт гэж өмгөөлөгч бидний зүгээс үзэж байгаа юм.
Учир нь 2022 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн 3/22 дугаартай мөрдөгчийн даалгаврыг нийслэлийн прокурор Энхжаргал гарын үсэг зурж зөвшөөрлөөс гүйцэтгэх ажиллагаа явагдсан гэж үзэж байгаа. Энэ нь 340 дүгээр хавтаст хэргийн 113-114 дүгээр талд бий. Үүнийг прокурор Анар тайлбарлахдаа ямар ч ажиллагаа явагдаагүй. Дээд шатны прокурор зөвшөөрөл өгөөгүй гэдэг боловч энэ даалгавартай холбоотой мөрдөгчийн нууц ажиллагаа явуулаагүй гэх баримт байхгүй.
Мөрдөгч нууц ажиллагаа явуулж, хамтран ажиллахаар АТГ-ын гүйцэтгэх ажлын хэлтэст даалгавар хүргүүлсэн байдаг. Харин үр дүн гараагүй учраас дээрх хуулийн заалтаар буруутгах нөхцөл байдлыг бий болгосон байна гэж дүгнэж байна.
Буруутгаж буй Засгийн Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн хоёр, хоёр дахь хэсгийн 6, 7-д зааснаар Засгийн Газрын ажлын хэсгийн зохион байгуулалтад хамаардаг Хэрэг эрхлэх газрын дарга тухайлсан санал оруулж буй гишүүдэд хамаатай үүрэгжүүлсэн заалт юм. Ерөнхий сайд эдгээр гишүүд, албатуудын өмнүүр орж ажлыг нь хийнэ гэсэн үг биш. Мөн хуульд яаралтай горимоор дээрх заалтыг хэрэгжүүлэхгүй байх зохицуулалт байгаа. Гэхдээ тухайн арга хэмжээ, тухайн гаргаж буй эрх зүйн баримт бичиг нь захиргааны актад хамаарч байгаа тул захиргааны хэм хэмжээний актад тавигддаг шаардлагуудыг шаардахгүй юм. Мөн хуулийн 30 дугаар зүйлийн хоёр дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Үүнд,
- УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг сайд Батбаяртай нийлээд олонхын санал авалгүй шийдвэр гаргасан мэт дүгнэсэн. Хуулийн энэ заалтад олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Ийнхүү шийдвэрлэж чадаагүй бол шийдвэр гаргаагүйд тооцно гэсэн заалттай тул асуудлыг олонхоороо шийдвэрлэсэн нь ойлгомжтой харагдаж байна.
- Захиргааны хэм хэмжээний акт гаргахдаа тухайлсан эрх олгосон хуулийг эш үндэс болгохгүй гэж үзсэн. Прокурор нар захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт хоёрыг ялгаж салгахгүй байгаа бөгөөд хэм хэмжээний актад тавигддаг шаардлага буюу тооцоо судалгаагүй санал авалгүйгээр нүүрсний экспортыг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай танилцуулга хийж хэлэлцүүлсэн гэж үзэж байгаа юм. Энэ шаардлагыг биелүүлэх ёстой байсан гэх үндэслэлээ 2015 оны зургадугаар сарын 19-ний өдөр батлагдсан хуулийг эшлэх ёстой мэт дүгнэж байгаа нь өөрөөр хэлбэл, тухайн үед байгаагүй хуулийг бий болохыг урьдчилан мэдэж хэрэгжүүлэх ёстой мэт хожуу гаргасан хуулийг байсан гэж андуурч өнөөгийн нөхцөл байдлаас дүгнэлт хийгээд байгаа нь харагдаж байна. Шийдвэр гаргасан 2013 оны үе буюу тухайлсан хууль нь 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд мөрдөгдөж байсан. Үүнийг эш үндэс болгох байсан юм. Энэ хуулийн 3.1.4-д захиргааны акт гэж юу болох, дөрөвдүгээр зүйлд захиргааны хэргийн шүүхийн маргаанд юу хамаарах талаар зохицуулалтууд орсон байдаг. Захиргааны акт нь захиргааны хэргийн шүүхэд хамаарна гэж үздэг байсанд дээрх буруутгаж байгаа заалт энэ хуулиар шийдвэрлэх байсан боловч хууль хүчингүй болсон учраас ач холбогдлоо алдсан. Харин 2015 оны зургадугаар сарын 19-ний өдрийн захиргааны ерөнхий хууль батлагдсанаар захиргааны акт, захиргааны хэм хэмжээний актын талаар нарийвчлан тодорхойлж мөрдөж эхэлсэн. Мөн хуулийн гуравдугаар зүйлд хуулийн үйлчлэх хүрээг оруулсан 37 дугаар зүйлд захиргааны акт гэж юу болох, 59 дүгээр зүйлд захиргааны хэм хэмжээний акт гэж, 60 дугаар зүйлд захиргааны хэмд тавигдах шаардлага, 61 дүгээр зүйлд төслийг бэлтгэх, 62 дугаар зүйлд төсөлд санаа авах, 63 дугаар зүйлд төсөлд санал авахгүй байх, мөн захиргааны хэм хэмжээний актыг нэн даруй батлах шаардлагатай, хойшлуулахгүй тохиолдолд энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан санал авах ажиллагааг хийхийг шаардахгүй. 64 дүгээр зүйлд захиргааны хэм хэмжээний актыг баталж хүргүүлэх гэсэн маш олон шат дараалал бүхий заалтыг хэрэгжүүлэх буюу прокурор нар үүнийг дагаж мөрдөөгүй гэсэн байдлаар буруутгаж байгаа нь буруу байна.
- Монгол Улсын ЗГ-ын 2009 оны гуравдугаар тогтоолын хавсралтаар баталсан журмын 5.1.4 болон 6.1-ийг зөрчсөн энэ залт ерөнхий сайд асан Н.Алтанхуягт хамааралгүй байгаад байна. Үнийг түрүүн эхний хэсэгт тайлбарласан.
- Авлигын эсрэг хуулийн 7.1.3-д албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах гэснийг зөрчсөн гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22-ын нэгдүгээр зүйлийн гурав дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж тогтоолд өөрчлөлт оруулсан байна.
Гэм буруугийн дүгнэлтэд 22.1 дүгээр зүйлийг хоёр болгож өөрчилсөн. Монгол Улсын ЗГ-ын 2013 оны наймдугаар сарын 16-ны өдрийн 299, 256 дугаартай тогтоолыг гаргаж шийдвэрлэн эдийн засгийн давуу байдал бий болгосон гэж буруутгаад байгаа. Авлигын эсрэг хууль бол энэ буруутгаж байгаа заалтын хууль зүйн ойлголтыг хэд хэдэн өмгөөлөгч нар өмнө нь ярьсан тул үүнийг орхиё.
Харин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22-ын нэгдүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн тусгай ангийн деспозит заасан өөртөө давуу байдал олж авсан гэсэн үндэслэлээр мөрдөгчийн даалгавраар Н.Алтанхуяг Энержи Ресурс ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон шийдвэр гаргасны төлөө орон сууц хахуульд авсан байж болзошгүй нөхцөл тогтоогдож байна гэж үзэж мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулж байгаа. Энэ нөхцөлд тогтоогдохгүй болохоор нь Энержи Ресурс ХХК эдийн засгийн давуу байдал олж авсан гэж иргэний хариуцагчаар татсан. Гэтэл энд давуу байдал олж авсан хоёр компаний нэг нь иргэний хариуцагч, нөгөөх нь шүүгдэгчээр татагдсан байна. Иргэний хариуцагчтай холбоотой хэсгийг иргэний хариуцагч өөрөө ярих байх гэж бодоод үлдээе.
Шүүгдэгчээр татагдсан Бэрэн ХХК-д давуу байдал олгосон гэх үндэслэлээр ЗГ-ын 256 дугаартай холбоотой тогтоолтой холбож буруутгадаг. Гэмт хэргийн объектив талын шалтгаант холбоог 256 дугаар тогтоолтой холбож байгаа юм. Үүнийг дараах баримтаар үгүйсгэе. Нотлох баримт шинжлэн судлахад, судалсан олон баримт дотор Хууль зүйн сайд асан хуульч Х.Тэмүүжингийн мэдүүлгийг уншиж судлуулсан. 402 дугаар хавтаст хэргийн 210-213 дугаар талд бий.
Асуулт, ЗГ-ын 256 дугаартай тогтоолд тусгасан ААН-үүдийг ямар шалгуураар яаж сонгож авдаг, хэр их хэмжээний санхүүжилтийг олгосон юм бэ?
Хариулт, ЗГ-ын тогтоолоор ерөнхий зарчим гарсан байна гэсэн үг. Тэр зарчмыг яамны сайд болон Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнууд хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх ёстой. Хөгжлийн банк нь ямар журамтай ЗГ-ын үнэт цаасыг арилжаалахад ямар хууль журам байна тэр хууль журмынхаа хүрээнд л асуудлыг шийдвэрлэх ёстой.
Өөрөөр хэлбэл, ЗГ-ын тогтоол нь УИХ-аас баталсан хууль тогтоомжийг давж, илүү хүчин чадалтай үйлчлэхгүй гэсэн үгийг маш тодорхой мэдүүлсэн байдаг. Энэ гэмт хэргийн шалтгаант холбоо нь ЗГ-ын тогтоолтой тусдаа холбоогүй, тусдаа бие даасан хуультай байгууллага бусад асуудалд байгаа шүү гэдгийг тодорхойлон зааж өгмөөр байна.
Бидний зүгээс нотлох баримт судлахад бас тодруулсан. Тусгай хуультай, тусгай субъекттэй хуулийн этгээдийн үйл ажиллагааны зээлийн гэрээний үүрэг биелэх, үл биелэгдсэн асуудлын шалтгааныг өөр газраас хайж, буруутан олж тогтоох гэж байгаа нь хууль төсөөтэй хэрэглэж байгаа үйлдэл юм гэдгийг хэлсэн. Энэ шалгасан хэрэгт бодлогын зөвлөлийн хурлын тэмдэглэлүүд, зөвлөмж байгаа. Энэ хурлын тэмдэглэл, зөвлөмжөөс Н.Алтанхуяг гишүүний санаа зорилгыг тодорхойлоход хангалттай эерэг баримт авагдсан тул түүнийг буруутгах ямар ч асуудал байхгүй байна. Мөн салбарын сонгон шалгаруулалт тухайлсан санал төслийг хариуцсан сайдад буюу Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт. Чиг үүрэг хэрэгжүүлсэн төсөл асуудлаас объектив, субъектив талыг хангалттай харж дүгнэж болно.
Өөрөөр хэлбэл, нэр заан сонгон шалгаруулсан нь буруу гэж үзэж байгаа бол энэ салбарын сайдуудаас нь тодруулах хэрэгтэй. Иймээс тодорхой нэг аж ахуйн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой иргэний маргааныг бусдад нялзааж эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж болохгүй. Иймээс прокурор нарын УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг буруутгасан гэсэн үндэслэлд тайлбар хийж үгүйсгэж байна.
Сэтгэгдэл (1)