
24tsag.mn сайтын зүгээс уншигч та бүхэндээ 2025 онд онцгой сайн барилдсан шилдэг 24 бөхийг танилцуулж байна.
Улсын Дархан аварга Н.Батсуурь
Аваргуудын чансааг гарцаагүй манлайлах бөх бол Дархан аварга маань билээ. Өнгөрсөн жилийн наадмын түрүү бөх тэрбээр өнөө жил чансаагаа дахин баталж их шөвөгт шалгарсан. Түүний дараагаар төрөлх Увс аймгийнхаа 100 жилийн ойд Улсын заан Б.Бат-Өлзийг хаян түрүүлсэн юм.
Тэрбээр оны эхэнд Шинэ үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойд зориулсан барилдаанд түрүүлжээ. Завхан аймгийн Идэр сумын харьяат, улсын арслан Маамын Лхагвын нэрэмжит барилдаан, Увс аймгийн 100 жилийн ойд зориулсан барилдаануудад их шөвөгт шалгараад байна.
Улсын аварга О.Хангай

Тэрбээр Улсын наадмаар тавын даваанд өвдөг шороодож, намрын нээлтийн барилдаанаас хойш тааруухан барилдаан үзүүлж байгаа ч яалтчгүй энэ оны онцлох бөх юм.
Түрүү:
- ММСУХ-ны 30 жил, "Их Хурд 10" наадмын хүчит бөхийн барилдаан
- Монгол улсад авто тээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан барилдаан
- Элдэв эрдэнэт хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан барилдаан
- Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 100 жилийн ойд зориулсан барилдаан
Үзүүр:
- Төмөр замчдын баярт зориулсан барилдаан
- Завхан аймгийн Идэр сумын харьяат, улсын арслан Маамын Лхагвын нэрэмжит барилдаан
- Монгол цэргийн өдөр, орчин цагийн зэвсэгт хүчний 104 жилийн ойд зориулсан барилдаан
Эдгээр амжилтуудаас гадна тэр энэ онд Өндөр Гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан даншиг наадамд их шөвөгт шалгарсан билээ.
Улсын арслан Э.Батмагнай

Энэ жагсаалтын хамгийн ОНЦЛОХ бөх бол мэдээж Улсын баяр наадмын түрүү бөх Э.Батмагнай арслан юм. Тэрбээр энэ онд зургаан барилдаанд түрүү булаасан.
Түрүү:
- Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн нэрэмжит хандивын барилдаан
- Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан, Чингис хаан цомын төлөөх барилдаан
- Өндөр Гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан даншиг наадам
- Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадам
- Монгол улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан, Дархан аварга цолны хүндэтгэлийн барилдаан
- Баянхонгор аймгийн нэгдсэн золголтод зориулсан барилдаан
Үзүүр:
- Хубилай хааны 810 жил, Монголын барилгын салбарын 99 жил, Хубилай зочид буудлын нээлтэд зориулсан барилдаан
- Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаан
- Чингэлтэй хайрханы хишиг барилдаан
- Бест Буйдан ХХК-ийн нэрэмжит сугалаат барилдаан
Улсын арслан Б.Орхонбаяр

Улсын арслан Ц.Бямба-Отгон энэ онд сайн байгаа. Гэвч энэ онд Улсын арслан гэх цолонтнууд дундаа Б.Орхонбаяр түүнээс арай илүү амжилттай барилдсан учир онцолж байна.
Түрүү:
- Төмөр замчдын баярт зориулсан барилдаан
- Дотоодын цэргийн 805 дугаар ангийн 80 жилийн ойд зориулсан барилдаан
- Наурызын баярт зориулсан барилдаан
- Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 100 жилийн ойд зориулсан, Монгол улсын начин Жадамбын Одсүрэнгийн нэрэмжит барилдаан
Үзүүр:
- Өндөр Гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан даншиг наадам
- Улсын арслан Батжаргалын Яндааг алдаршуулах, Хэнтий аймгийн Дархан сумын нутгийн зөвлөлөөс зохион байгуулж буй барилдаан
- Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, улсын арслан Гомбо-Аюушийн Дэмүүлийн нэрэмжит барилдаан
- Нийслэлийн МАН-ын 100 жилийн ойд зориулсан, улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан
Их шөвөг:
- Монгол улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан, Дархан аварга цолны хүндэтгэлийн барилдаан
- Арвайн Үндэс ХХК-ийн нэрэмжит, улсын арслан цолны хүндэтгэлийн барилдаан
- Элдэв эрдэнэт хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан барилдаан
Улсын гарьд Ө.Бат-Орших

Өдгөө 40 насны босгыг алхсан тэрбээр өнөө жилийн Улсын баяр наадамдаа урамтай сайхан барилдаж тав давсан нь ховор амжилт билээ. Мөн тэрбээр энэ онд төрөлх Увс нутгийнхаа 100 жилийн ойд их шөвөгт үлдсэн. Түүнчлэн Нийслэлийн иргэдийн баяр - Хүрээ цам даншиг наадамд шөвгөрчээ.
Улсын гарьд Б.Гончигдамба

Энэ онд гурван удаа зодоглосон ч чамгүй амжилт үзүүлсэн бөх бол цагтаа цалгиж явсан Б.Гончигдамба гарьд юм. Тэрбээр энэ онд Нийслэлийн иргэдийн баяр - Хүрээ цам даншиг наадамд Улсын начин Д.Амарсайханд унан үзүүр булаасан. Мөн Улсын баяр наадамдаа дөрөв давж тавын даваанд үзүүр бөх Улсын гарьд Н.Өсөхбаярт унасан байдаг.
Улсын заан Б.Бат-Өлзий

Жил болгоны наадмаар түрүү бөхийн тааварт яригддаг хүчтэн тэрбээр энэ онд өмнөх амжилтуудаа бататгасан сайн барилдааныг үзүүлсээр байгаа.
Түрүү:
- Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, улсын арслан Гомбо-Аюушийн Дэмүүлийн нэрэмжит барилдаан
- Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, улсын начин Агвааны Норовын нэрэмжит барилдаан
- Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаан
- Увс аймгийн 100 жилийн ойд зориулсан барилдаан
Үзүүр:
- Хан-Уул дүүргийн 60 жилийн ойд зориулсан, Богдхан уулын хишиг барилдаан
- ММСУХ-ны 30 жил, "Их Хурд 10" наадмын хүчит бөхийн барилдаан
- Баянзүрх хайрханы хишиг барилдаан
Их шөвөг:
- Баянгол дүүрэг үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан барилдаан
- Өндөр Гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан даншиг наадам
- Монгол улсад авто тээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан барилдаан
- Чингэлтэй хайрханы хишиг барилдаан
- Завхан аймгийн Идэр сумын харьяат, улсын арслан Маамын Лхагвын нэрэмжит барилдаан
- Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жилийн ойд зориулсан, улсын харцага Дахын Одсүрэнгийн нэрэмжит барилдаан
- Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 100 жилийн ойд зориулсан барилдаан
Дунд шөвөг:
- Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн нэрэмжит хандивын барилдаан
- Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадам
- Элдэв эрдэнэт хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан барилдаан
Улсын заан С.Сүхбат

Идэр залуу заан маань энэ онд гойд амжилтыг үзүүлж байгаа. Сүүлд гэхэд хоёр ч ойрхон түрүүлсэн. Мөн энэ онд Өндөр Гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан даншиг наадам, Элдэв эрдэнэт хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан барилдаануудад тав давжээ.
Түрүү:
- Хан-Уул дүүргийн 60 жилийн ойд зориулсан, Богдхан уулын хишиг барилдаан
- Бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар үндсэн хуулиа баталсны 101 жилийн ойд зориулсан барилдаан
Үзүүр:
- Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан, Чингис хаан цомын төлөөх барилдаан
- Наурызын баярт зориулсан барилдаан
Их шөвөг:
- Улсын арслан Батжаргалын Яндааг алдаршуулах, Хэнтий аймгийн Дархан сумын нутгийн зөвлөлөөс зохион байгуулж буй барилдаан
- Монгол цэргийн өдөр, орчин цагийн зэвсэгт хүчний 104 жилийн ойд зориулсан барилдаан
- Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 100 жилийн ойд зориулсан барилдаан
Улсын харцага Б.Зоригтбаатар

"Цахилгаа Зоригоо" нэрээрээ олонд танигдсан үнэн зоригт харцага маань Улсын харцага цолтнуудаас энэ онд хамгийн сайн амжилтыг үзүүлжээ. Тэрбээр энэ оны гуравдугаар сард болсон Бест Буйдан ХХК-ийн нэрэмжит сугалаат барилдаанд түрүүлсэн. Мөн Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 100 жилийн ойд зориулсан барилдаанд үзүүр булаажээ.
Өнөө жилийн улсын баяр наадамд чимэг нэмсэн тэрбээр Монгол улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан, Дархан аварга цолны хүндэтгэлийн барилдаан, Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаануудад их шөвөгт үлдсэн байна.
Улсын харцага Б.Цэдэнсодном
Өдгөө 32 настай Өврийн хангай нутгийн Цэдо харцага маань энэ онд амжилт арвин байна. Тэрбээр энэ онд Увс аймгийн 100 жилийн ойд зориулсан барилдаанд үзүүр булаасан. Түүнчлэн "Алтан цом"-ын төлөөх барилдаанд гойд сайн байгаа.
Их шөвөг:
- Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн нэрэмжит хандивын барилдаан
- Хубилай хааны 810 жил, Монголын барилгын салбарын 99 жил, Хубилай зочид буудлын нээлтэд зориулсан барилдаан
- Дорноговь аймгийн 94 жилийн ойн баяр наадам
- Баянзүрх хайрханы хишиг барилдаан
Улсын начин Л.Энхсаруул

2024 оны сүүлч бол түүний хувьд оргил үе нь байж олон ч барилдаанд дээгүүр барилдсан. Энэ хэмнэлээ алдалгүй тэрбээр өнөө жилийн Улсын баяр наадамд тав давж цолоо баталсан юм. Ингэснээр тэр хоёр жил дараалан тунан барилдаж цолоо баталсан түүхэн амжилын эзэн болжээ.
Тэрбээр энэ онд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 90 жилийн ойд зориулсан, Улсын начин Дондогийн Цогзолдоржийн нэрэмжит барилдаан түрүүлсэн. Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн нэрэмжит хандивын барилдаанд шөвгөрсөн байна. Мөн "Алтан цом"-ын төлөөх барилдаанд багтаа чухал даваануудыг авч байгаа.
Улсын начин Б.Түмэндэмбэрэл

Өнөө жил Улсын начин цолоо баталж, уран мэхээ гайхуулж байгаа өөр нэг хүчтэн бол гарцаагүй Түмээ начин билээ. Тэрбээр энэ онд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 100 жилийн ойд зориулсан, Монгол улсын начин Жадамбын Одсүрэнгийн нэрэмжит барилдаанд үзүүр булааж, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн 80 жилийн ойд зориулсан барилдаанд их шөвөгт үлдсэн. Мөн Улсын баяр наадмаар Улсын заан С.Сүхбатаар тав давж, гурван жилийн ард цолоо баталж "Өсөх идэр" чимэг нэмжээ.
Аймгийн арслан Э.Мөнхбаатар

Энэ онд Аймгийн хурц арслангууд гойд сайн байсан. Тэдгээрээс Н.Өсөхбаяр Улсын гарьд, О.Наранбаатар Улсын харцага болжээ. Говьсүмбэрээс төрөн гарсан цөөн хүчтэн байдаг ч ганц дайчин ганцаарддаггүй гэдэгчлэн хурц бадрангуй Э.Мөнхбаатар арслан энэ онд цолондоо хэтэрхий том байгаа.
Түрүү:
- Бүх цэргийн наадам
- Дорнод аймгийн Баян-Уул сумын ЕБС-ийн 100 жилийн ойд зориулсан барилдаан "Улс, аймаг"
- “Хүч ба аз 2025” Улс, аймгийн өндөр чансаатай 64 бөхийн барилдаан "Атар" хэвийн боовны нэрэмжит барилдаан
Үзүүр:
- Монгол улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан, Дархан аварга цолны хүндэтгэлийн барилдаан
Их шөвөг:
- "Атар" хэвийн боовны нэрэмжит барилдаан
Аймгийн арслан Н.Амгаланбаатар

Тэрбээр энэ онд улс, аймгийн цолтны барилдаанд нэг, аймгийн цолтны барилдаанд хоёр түрүүлсэн.
Түрүү:
- "Эрдэнэт Хүлэг" морин спорт уяачдын холбооны 30 жилийн ойд зориулсан барилдаан
- Улсын арслан Батжаргалын Яндааг алдаршуулах, Хэнтий аймгийн Дархан сумын нутгийн зөвлөлөөс зохион байгуулж буй барилдаан
- Дашчойлин хийдийн нэрэмжит, сар шинийн баярт зориулсан, аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан
Үзүүр:
- Дорнод аймгийн Баян-Уул сумын ЕБС-ийн 100 жилийн ойд зориулсан барилдаан
- Дотоодын цэргийн 805 дугаар ангийн 80 жилийн ойд зориулсан барилдаан "Улс, аймаг"
Цэргийн заан Ө.Батсуурь "Аймгийн арслан"

Олон жил Цэргийн заан цолтой явсан Ө.Батсуурь өнөө жилийн Налайх дүүргийн баяр наадамд түрүүлж Аймгийн арслан болсон. Тэрбээр энэ онд Сар шинийн барилдаан, "Эрдэнэт Хүлэг" морин спорт уяачдын холбооны 30 жилийн ойд зориулсан барилдаануудад их шөвөгт үлдээд байгаа.
Аймгийн заан Б.Бат-Эрдэнэ "Аймгийн арслан"

2023 онд Орхон аймгийн баяр наадамд үзүүрлэж Аймгийн заан болж байсан чөлөөтийн ОУХМ тэрбээр энэ онд даагаа нэхэж Орхон аймгийн баяр наадамд түрүүлсэн. Шинэ цолондоо дүүрэн бөх гэдгээ харуулж өнгөрөгч сард болсон Хан-Уул дүүргийн 60 жилийн ойд зориулсан, Богдхан уулын хишиг улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд зургаа давж их шөвөгт шалгарсан. Тэрбээр түрүү бөх С.Сүхбат заанд өвөг шороодсон юм.
Аймгийн харцага Б.Ренчинжүгдэр

Аймгийн цолтнууд дундаа нас залуу, ур чадвар дээшилж яваа бөх тэрбээр энэ онд "Атар" хэвийн боовны нэрэмжит барилдаанд тав давжээ. Өнгөрсөн намар шинэ арслан Э.Батмагнайг хаяж, өөр бусад улсын цолтнуудыг халгааж яваа. Тэр яах аргагүй цолондоо шилдэг нь юм.
Аймгийн начин Х.Мягмарсүрэн

Алдарт аварга Д.Хадбаатарын хүү Х.Мягмарсүрэн гэж аралтай бөх бий. Түүнийг хүмүүс цолоо ахиулаасай хэмээн жил болгоны наадмаар харж суудаг. Анх 2013 онд Аймгийн начин болж байсан тэрбээр 2021, 2022, 2024 онуудад цолоо баталсан. Өнөө жилийн улсын наадмаар хоёр давж, гурвын даваанд Улсын арслан Э.Оюунболдод өвдөг шороодсон.
Аймгийн начин Б.Гончигсүрэн

Жүдогийн хамгийн хүнд жинд дээшлэн барилдаж байгаа ОУХМ Б.Гончигсүрэн маань 2023 оны Говьсүмбэр аймгийн баяр наадамд тав давж Аймгийн начин болж байв. Их спортын хажуугаар үндэсний бөхөөрөө барилдаж сумын заануудын барилдаанд гурав, аймгийн цолтны барилдаанд хоёр удаа түрүүлсэн.
Тэрбээр энэ онд Аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн барилдаанд түрүүлжээ. "Алтан цом"-ын төлөөх барилдааны хамгийн бага цолтой бөх хэдий ч багтаа чухал даваануудыг авч өгсөөр байна.
Сумын заан М.Өсөхбаяр

Төв аймгийн Батсүмбэрээс залуу хүчтэн өндийж байна. Тэрбээр энэ онд Сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд хоёр удаа 10 даван түрүүлж, нэг үзүүр булааснаар дараагийн цолондоо бэлэн байгаагаа харуулсан. Б.Цагаанбанди, Д.Төгс-Эрдэнэ, О.Чадалбат, Э.Түмэннасан зэрэг шилдэг сумын заанууд өнөө жил цол ахисан учир шинэ заанууд хүч түрж байгаа билээ.
Сумын заан Д.Мөнхтулга
Улсын харцага М.Дармаабазарын хүү тэрбээр өнөө жил том цолтнуудын эрлэг шиг л байгаа. Тэрбээр өнөө жил Сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд хоёр удаа зургаа, нэг удаа найм даваад байна. Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан, Чингис хаан цомын төлөөх барилдаан Улсын аварга О.Хангай, Улсын арслан Э.Оюунболд, Ц.Бямба-Отгон нарыг дараалуулан хаяж шуугиан тарьсан.
Л.Баяр



















































