
Дэлхийн стриминг салбарын тэргүүлэгч Netflix компанийн хамтран үүсгэн байгуулагч Рийд Хастингс компанийн удирдлагаас бүрэн гарахаар болжээ. Тэрбээр 2026 оны зургаадугаар сард болох хувьцаа эзэмшигчдийн хурлын дараа ТУЗ-д дахин нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна.
Рид Хастингс нь 1997 онд Netflix-ийг анх DVD түрээсийн үйлчилгээ хэлбэрээр үүсгэн байгуулж байсан бөгөөд түүний удирдлага дор уг компани дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг стриминг платформ болон асар хурдтай өссөн юм. Тэрбээр 2023 онд гүйцэтгэх захирлын албан тушаалаа өгсөн ч ТУЗ-ийн даргын хувиар үргэлжлүүлэн ажиллаж байв. Харин энэ удаагийн шийдвэр нь түүнийг өөрийн бүтээсэн зүйлээ бүр мөсөн орхиж байгаа гэх хардлагыг батлаад байна.
Хастингс мэдэгдэлдээ “Netflix миний амьдралыг бүхэлд нь өөрчилсөн” хэмээн онцлоод, цаашид буяны үйл ажиллагаа болон бусад шинэ төсөлд анхаарлаа төвлөрүүлэхээр төлөвлөж буйгаа илэрхийлжээ.
Рид Хастингсын явах шийдвэр нь Netflix-ийн хувьд чухал үе дээр тохиож байна. Тус компани сүүлийн үед ширүүн өрсөлдөөн дунд байгаа. Мөн "Warner Bros. Discovery"-г худалдан авах томоохон хэлэлцээр бүтэлгүйтсэн нь компанийн стратегид нөлөөлсөн ч Netflix жилийн орлогоо 16 хувиар өсгөж, 12.25 тэрбум ам.долларт хүргэжээ.
Тус компани цаашид видео подкаст, шууд контент, зар сурталчилгааны орлого зэрэг шинэ чиглэлүүдэд түлхүү анхаарахаа мэдэгдсэн бөгөөд 2026 он гэхэд зар сурталчилгаанаас олох орлогоо 3 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсан байна.
Л.Баяр




















































