
УИХ-ын гишүүн О.Номинчимэг өөрийн цахим хуудсаар дамжуулан УИХ-ын чуулганы санал хураалтад оролцож чадаагүй шалтгаанаа тайлбарлалаа.
Тэрбээр энэ сарын 15-19-нд Олон Улсын Парламентын Холбооны хаврын ассемблей-д оролцохоор Истанбул хотноо ажиллаж байгаа бөгөөд уг арга хэмжээ нь жилд хоёр удаа товлосон хугацаанд зохион байгуулагддаг тул томилолтыг өөрчлөх боломжгүй байсан гэжээ.
Мөн тэрбээр Олон улсын парламентчдын хүний эрхийн хорооны Ерөнхийлөгчийн хувиар хуралдааныг даргалж, дэлхийн улс орнуудад үүсээд буй хүний эрхийн асуудлууд дээр ажиллаж байгаагаа онцолсон байна.
Харин дотоодын асуудлын тухайд, чухал санал хураалтад оролцоогүй зарим гишүүдийн талаар шүүмжлэлтэй байр суурь илэрхийлж, парламентын дархлаа нь гишүүдийн хараат бус байр сууринаас хамаардаг ч энэ зарчим суларч байгааг цахим хуудаснаа онцолжээ.

Ассемблейн үеэр Израил, Бангладеш зэрэг улсын парламент, хүний эрхийн нөхцөл байдалтай холбоотой асуудлууд хэлэлцэгдэж байгаа бөгөөд Монгол Улсын жишээ ч мөн яригдаж буйг дурдсан байна. Тухайлбал, парламент дахь жендэрийн тэгш байдал, эмэгтэй гишүүдэд үзүүлж буй дарамт, гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн нөлөөллийг олон улсын түвшинд хэлэлцэж байгаа аж.
Тэрбээр Монгол улсын асуудлаар санал өгөх эрхгүй ч дэлхийн 160 орчим улсын парламентчид манай улсын парламентын нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгнө хэмээв.


























































