
Цагаан ордны Сэтгүүлчдийн Холбооны оройн зоогийн үеэр нэгэн эр гал нээсэн, улмаар эрх баригчид сэжигтний "илгээсэн мессеж"-ийг шалгаж байгаа. Калифорнийн нэр хүндтэй багшийн амьдралаа алуурчны амьдрал болгохоор шийдсэн шалтгааныг нь олж мэдэхийг эрэлхийлж байна.
Сэжигтэн Калифорни мужийн Торранс хотын 31 настай, багшаар ажилладаг, мөн видео тоглоом хөгжүүлдэг Коул Томас Аллен байв. Тэрбээр хэрэг үйлдэхээсээ өмнө гэр бүлийнхэн рүүгээ илгээсэн мессеждээ, "Итгэлийг нь урвуулан ашигласан бүх хүнээс уучлалт гуйж байна" гэжээ.
Аллены халдлагын өмнө илгээсэн гэж үзэж буй уг мессеждээ засаг захиргааны албан тушаалтнуудыг онилох зорилгоо дурдаж, улс төрийн уур хилэнгээ илэрхийлжээ. Аллен Лос Анжелес хотод зүүний үзэлтнүүдийн бүлэгт элсэж галт зэвсэг эзэмшиж, буудлагын талбайд тогтмол бэлтгэл хийж байсныг түүний эгч мэдүүлсэн байна. Тэрбээр Лос Анжелес хотод галт тэргэнд суугаад Чикаго, дараа нь Вашингтон руу аялж, Доналд Трамп болон бусад өндөр албан тушаалтнуудын оролцсон жил бүрийн оройн зоогийг зохион байгуулдаг хотын төвийн зочид буудалд байрлажээ.

38 калибрын хагас автомат гар буу, 12 калибрын буутай ирсэн. Дараа нь тэрбээр гэр бүлийн гишүүддээ өөрийгөө "Нөхөрсөг Холбооны алуурчин" гэж хэлээд Трампын эсрэг үзэл бодлоо илэрхийлсэн мессеж үлдээсэн. Улмаар тэр Бямба гаргийн оройн зоогийн үеэр хамгаалалтын албаныхны хажуугаар дайран орохыг завджээ.
Трамп болон бусад хүмүүс ойролцоох бүжгийн танхимд аюулгүй газар очиж байх хооронд сэжигтэн хамгаалалтын албанхантай буудалцаж байв. Одоо эрх баригчид түүнийг халдлага үйлдэхэд хүргэсэн зүйлийн талаар нарийн судалж байна.
Колумбын дүүргийн прокурор Жанин Пиррогийн хэлснээр, халдлагын сэжигтнийг галт зэвсэг хэрэглэсэн хоёр зүйл анги, холбооны албан хаагч руу аюултай зэвсэг ашиглан халдсан нэг зүйл ангиар буруутгаж байгаа. Сэжигтэн мөрдөн байцаагчидтай хамтран ажиллахгүй байгаа аж.

Аллен 2013-2017 онд Калифорнийн Технологийн Институтэд суралцсан бөгөөд тус сургуулийн Христийн Нөхөрлөлийн байгууллага болон Нерф клубт оролцоотой нэгэн юм байна. Тэр бол Христэд гүн итгэгч юм.
Аллен оюутан байхдаа 2017 онд тэргэнцэрт зориулсан яаралтай тоормосны загварыг боловсруулсан бүтээлээ олон нийтэд танилцуулж байж. Түүний LinkedIn профайлд дурдсанаар, тэрбээр 2017 онд механик инженерийн зэрэгтэй төгссөн. Дараа тэр шалгалтанд бэлтгэх, дадлага хийх "C2 Education" компанид цагийн багшаар ажилд орсон. Тус компанийн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн постуудын дагуу C2 компани 2024 оны 12-р сард Алленийг компанийн "сарын шилдэг багш"-аар нэрлэжээ.
Тэр мөн видео тоглоом хөгжүүлэгчээр ажиллаж байсан, "Bohrdom" нэртэй бие даасан тоглоомыг "Steam" тоглоомын платформ дээр 1.99 доллараар худалдаанд гаргасан байдаг.

Цагаан ордны мэдээлснээр, Мэрилэнд мужийн Роквилл хотод амьдардаг түүний эгч түүнийг сүүлийн жилүүдэд улс төрийн идэвхтэй үйл ажиллагаанд оролцож эхэлсэн, мөн 1860-аад оны Абрахам Линкольныг ерөнхийлөгчөөр сонгоход нь тусалсан боолчлолын эсрэг жагсагчдын нэрээр нэрлэгдсэн зүүний үзэлт бүлэгт элссэн тухай мэдээлсэн байна.
Холбооны Сонгуулийн Хорооны бүртгэлээс үзэхэд, Аллен 2024 оны 10 дугаар сард Камала Харрисын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд 25 ам.доллар хандивласан байна.
Архи, тамхи, галт зэвсэг, тэсрэх бодисын товчооны мөрдөн байцаагчид 2023 оны 10 дугаар сарын 6-нд Аллен өмнөд Калифорнийн нэгэн дэлгүүрээс 38 калибрын хагас автомат гар буу худалдаж авсан гэсэн бүртгэлийг олсон. 2025 оны наймдугаар сарын 17-нд Аллен өөрийн төрөлх хот Торранс дахь өөр нэг бууны дэлгүүрээс авсан нь 12 калибрын буу байжээ. Хоёр буугаа тэр хууль ном журмынх нь дагуу худалдан авсан байна. Мөн тэрбээр өмнө нь ямар нэгэн хэрэгт холбогдож байгаагүй, эрэн сурвалжлагдаж байгаагүй. Энэ нь түүний хэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл болох боломжтой. Эцэст нь АНУ-ын албаныхан түүнийг улстөрийн үзэл баримтлал болон шашны үнэт зүйлдээ хөтлөгдөн халдлага үйлдсэн гэж үзэж байна. Хэргийн үеэр хамгаалалтын албаны нэг албан хаагч буудуулсан ч сум нэвтэрдэггүй хантаазтай байсан байна. Түүнийг эмнэлгээс гаргажээ.
Л.Баяр


















































