
Филиппиний өмнөд хэсгийн Минданао аралд өнгөрсөн ням гарагт 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, олон хотод хүчтэй доргилт мэдрэгдэж, цунамигийн сэрэмжлүүлэг гарсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээллээ.
Газар хөдлөлтийн голомт нь далайн дор, Генерал Сантос хотын ойролцоо 10–35 км-ийн гүнд байсан бөгөөд хүчтэй чичирхийлэл нь барилга байгууламжуудыг нурааж, цахилгаан болон холбооны сүлжээг тасалдуулсан байна.
Газар хөдлөлтийн дараа Филиппин болон хөрш Индонез зэрэг улс орнуудад цунамигийн анхааруулга гарч, далайн эргийн бүсийн иргэдийг өндөрлөг газар руу яаралтай нүүлгэн шилжүүлжээ. Давалгаа зарим бүсэд 1–3 метр хүртэл хүрч болзошгүй гэж анхааруулсан байна.
Албаныхны мэдээлснээр, 4–5 хүн нас барсан байж болзошгүй, 200 гаруй хүн гэмтэж бэртсэн, олон барилга, зам, гүүрэнд ан цав, нуралт үүссэн байна. Генерал Сантос хот болон ойролцоох бүсүүдэд зарим барилга нурсны улмаас аврах ажиллагаа үргэлжилж байна.
Филиппиний Ерөнхийлөгч Фердинанд Маркос Жр. гамшгийн бүсэд онцгой байдлын ажиллагаа явуулж, иргэдийг аюулгүй бүс рүү нүүхийг анхааруулжээ. Аврах багууд хохирлын хэмжээг тогтоох, эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. Минданаогийн газар хөдлөлт нь “Номхон далайн галын бүс”-ийн идэвхтэй тектоникийн бүсэд тохиолдсон хүчтэй чичирхийлэл бөгөөд бүс нутгийн хэмжээнд цунами, хүний хохирол, томоохон сүйрэл дагуулсан ноцтой байгалийн гамшиг болж байна.
Л.Баяр






















































