
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтаар Орос, Хятад, Энэтхэгийн удирдагчид Бишкект цуглав. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар Киргизийн нийслэл Бишкек хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын 26 дахь дээд хэмжээний уулзалтад оролцож байна. Энэ удаагийн уулзалт ШХАБ байгуулагдсаны 25 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог юм.
Гурван улсын удирдагч өнөөдөр уулзалтын үеэр нэг дор цугларч, гар барин мэндчилж, хамтдаа зургаа авахуулсан нь олон улсын анхаарлыг татлаа. Мөн Моди Ши Жиньпин, Владимир Путин нартай тус тус уулзсан байна.
Ши Жиньпин, Путин нарын уулзалтын үеэр хоёр улсын стратегийн харилцааг цаашид бэхжүүлэх талаар ярилцжээ. Ши Жиньпин дэлхий дахины нөхцөл байдал улам тодорхой бус болж байгаа ч Хятад, Оросын харилцааны суурь улам бэхжинэ гэж мэдэгдсэн байна.
Харин Энэтхэгийн Ерөнхий сайд Моди Оросын Ерөнхийлөгч Путинтэй уулзах үеэр Орос-Украины дайныг энхийн замаар дуусгах шаардлагатай гэдгийг онцолжээ. Тэрбээр дэлхий дахин “үргэлжилсэн дайнаас дайны төгсгөл рүү” шилжих ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.
ШХАБ-ын уулзалтад Хятад, Орос, Энэтхэгээс гадна Иран, Казахстан, Киргиз, Пакистан, Беларусь, Тажикистан, Узбекистан зэрэг гишүүн орнуудын төрийн тэргүүнүүд оролцож байна. Уулзалтаар бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагаа, олон улсын зөрчил мөргөлдөөн болон байгууллагын цаашдын хөгжлийн асуудлыг хэлэлцэж байна.
ШХАБ нь Хятад, Оросын нөлөө бүхий байр суурийг түшиглэн Евразийн орнуудын улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын хамтын ажиллагааг хөгжүүлэх гол талбаруудын нэг болсон. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт нь дэлхийн геополитикийн нөхцөл байдал хурцадсан үед болж байгаагаараа онцгой ач холбогдолтой байна.
Л.Баяр






















































