
Украинд хичээлийн шинэ жил эхлэхийн өмнөхөн ОХУ-ын пуужин, дроны цохилтын улмаас хэвлэх үйлдвэр, ном хэвлэлийн компаниудын агуулахууд сүйдэж, нийт 12 сая орчим ном устсан талаар BBC мэдээлжээ. Энэ нь тус улсад энэ онд хэвлэгдсэн нийт номын гуравны нэгтэй тэнцэх хэмжээ юм.
Хамгийн сүүлд Киевийн захад байрлах нэгэн хэвлэх үйлдвэр Оросын пуужингийн цохилтод өртжээ. Тус үйлдвэр шинэ хичээлийн жилд зориулан 1.3 сая сурах бичиг хэвлэж байсан бөгөөд энэ нь Украины нийт сурах бичгийн ойролцоогоор 10 хувь байжээ. Галын дараа номын үйлдвэр бүхэлдээ шатаж, үлдсэн хэсэг нь гал унтраах ажиллагааны ус болон нурсан дээврээр орсон бороонд сүйджээ.
Украины хэвлэлийн салбарын мэдээллээр сүүлийн хэдэн долоо хоногт 35-аас дээш хэвлэлийн болон ном түгээх байгууламж халдлагад өртсөн байна. Үүний зэрэгцээ Киевийн алдарт Почиана хуучин номын зах мөн цохилтод өртөж, олон зуун худалдааны лангуу, асар олон ном шатжээ. Хэвлэлийн салбарын төлөөлөгчид эдгээр халдлагыг санамсаргүй хохирол бус, Украины үндэсний соёл, хэл, түүхийг устгах зорилготой үйлдэл гэж үзэж байна. Харин Оросын тал соёлын объектуудыг санаатайгаар онилсон гэх мэдэгдлийг үгүйсгэж, Украины өөрийн эрх баригчдыг соёлын өвд учирсан хохиролд буруутгасан байна.

Ном хэвлэлийн салбараас гадна музей, номын сан, урлагийн галерей, кино студи, дуурийн театр зэрэг Украины олон соёлын байгууллага дайны улмаас гэмтэж, сүйджээ. Украины Соёлын сайдын мэдээлснээр тус улс 1,900 гаруй соёлын өвийн дурсгал, 2,000 гаруй соёлын байгууллага халдлагад өртсөн гэж мэдэгдсэн байна.
Мөн Киевийн Киев-Печерскийн лаврын нутаг дэвсгэрт байрлах Успенийн сүмийн дээврийн хэсэг дроны халдлагын үеэр шатсан бөгөөд сэргээн засварлахад ойролцоогоор 11.2 сая ам.доллар шаардлагатай, ажил хоёр жил үргэлжилж болзошгүй байна. ЮНЕСКО тус соёлын өвд учирсан хохирлыг эрс буруушаажээ.
Ийнхүү Украины хүүхдүүд хичээлийн шинэ жилээ эхлүүлэх гэж буй энэ үед сурах бичгийн нийлүүлэлтэд томоохон цохилт ирээд байна. Украины тал ном, уран зохиол, соёлын өвөө дижитал хэлбэрт хадгалах ажлыг эрчимжүүлж, дайны нөхцөлд хүүхдүүдийн боловсролыг тасалдуулахгүй байхыг зорьж байна.
Л.Баяр






















































Сэтгэгдэл (2)