
АНУ-ын Агаарын цэргийн хүчний хошууч Жейсон Уотсон Дональд Трампыг олон нийтийн өмнө хүчтэй шүүмжилж, огцруулахыг уриалсантай холбоотойгоор цэргийн сахилгын хэрэгт холбогджээ. Уотсон өнгөрсөн долдугаар сард Вашингтон дахь Капитолын ордны шатны өмнө болсон Трампыг огцруулахыг шаардсан жагсаалд Агаарын цэргийн хүчний дүрэмт хувцастай оролцож, Ерөнхийлөгчийг огцруулахыг уриалсан бичиг барьжээ. Үүний дараа түүнийг хууль бус жагсаал зохион байгуулсан гэх үндэслэлээр баривчилсан байна. Харин одоо түүний асуудал илүү ноцтой шатанд шилжиж, АНУ-ын Цэргийн шударга ёсны нэгдсэн хуулийн (UCMJ) 88 дугаар зүйл буюу Article 88-ын дагуу шалгагдаж байна.
Article 88 гэж юу вэ?
Article 88 нь цэргийн офицер Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, Конгрессын гишүүд болон зарим төрийн өндөр албан тушаалтны талаар “доромжилсон, басамжилсан үг” хэрэглэхийг гэмт хэрэгт тооцдог зохицуулалт юм. Энэ заалт нь цэргийн бүх алба хаагчид бус, комиссын офицеруудад хамаардаг. Уотсон нь хошууч цолтой офицер учраас уг заалтад хамаарч байгаа юм.
Уотсон CNN-д өгсөн ярилцлагадаа, Трампыг “Үндсэн хуулийг илт зөрчиж, хууль зөрчин, авлига хээл хахуульд оролцож, америкчуудын амь насыг хохироож байна” хэмээн шүүмжилсэн байна. Мөн үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө шийтгэл хүлээхэд бэлэн гэдгээ хэлжээ.
Энэ хэрэг АНУ-д цэргийн сахилга бат болон Үндсэн хуулиар хамгаалагдсан үг хэлэх эрхийн зааг хаана байх вэ гэсэн маргааныг дахин хурцатгаж байна. Уотсоны өмгөөлөгчийн үзэж буйгаар түүнийг улс төрийн үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө шийтгэх оролдлого нь ноцтой асуудал үүсгэж байгаа аж. Харин Агаарын цэргийн хүчний зүгээс идэвхтэй алба хааж буй цэргийн алба хаагчид Цэргийн шударга ёсны нэгдсэн хуулийг дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд Уотсоны байр суурь нь тус байгууллагын албан ёсны байр суурийг илэрхийлэхгүй гэж мэдэгджээ.
Уотсон одоогоор урьдчилсан хорих байранд байгаа бөгөөд түүний эсрэг ямар нэгэн эцсийн шийдвэр гараагүй байна. Түүнд өөрийгөө өмгөөлөх болон цэргийн шүүхийн журмаар эрхээ хамгаалах боломж олгоно.
Л.Баяр























































