
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилгаар ҮБХИС-ийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалтын ажил эхэллээ.
Бүтээн байгуулалтын нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал С.Ганбямба, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ж.Бямбасүрэн, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлага, төрлийн цэргийн командлагчид, ҮБХИС-ийн багш, эрдэмтэн судлаачид болон сонсогчдын төлөөлөл оролцов.
Шинээр байгуулагдах Олон улс судлалын хүрээлэн нь үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах бодлого, олон улсын харилцаа, бүс нутгийн судалгааны чиглэлээр эрдэм шинжилгээ, сургалт, судалгаа явуулах үндэсний хэмжээний төв болон хөгжих юм. Түүнчлэн төрийн бодлого, төлөвлөлтийг шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, шинжилгээ, бодлогын зөвлөмжөөр хангаж, улс орны хөгжлийн бодлого боловсруулахад бодит хувь нэмэр оруулах зорилготой.
Нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ тус хүрээлэн нь үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах судлал, цэргийн шинжлэх ухаан, олон улсын харилцааны судалгааны хөгжилд шинэ хуудас нээж буйг, зөвхөн шинэ барилга байгууламж барих ажил бус, үндэсний оюуны чадавхыг бэхжүүлэх, аюулгүй байдал, гадаад бодлого, батлан хамгаалах болон цэргийн шинэчлэлийн судалгааг шинэ түвшинд хүргэх стратегийн ач холбогдолтой хөрөнгө оруулалт болохыг онцоллоо гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.























































