
АНУ, Хятадын худалдааны харилцаа дахин эмзэг үе шатыг туулж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар өнгөрсөн саруудад харилцаагаа тогтворжуулахыг зорьж, худалдааны дайныг намжаах хэд хэдэн алхам хийсэн ч хоёр орны зөрчилдөөн хэвээр байгаа гэж хэлж болно.
Гаднаас харахад тайван мэт боловч хоёр орны эдийн засгийн харилцаа маш хэврэг. Худалдааны тариф, өндөр технологийн экспортын хязгаарлалт, хиймэл оюун ухаан, хагас дамжуулагч, газрын ховор элементийн нийлүүлэлт зэрэг асуудал аль ч үед улам хурцатгах шалтгаан байж болзошгүй.
Трампын засаг захиргаа эдийн засгийн дарамтыг Хятадыг бодлогоо өөрчлөх гол хэрэгсэл гэж үздэг. Харин Бээжин АНУ-ын шаардлагад буулт хийхгүй, өөрийн үйлдвэрлэлд суурилсан эдийн засгийн загвараа хамгаалах байр сууриа дахин илэрхийлжээ. Ши Жиньпиний удирдлага дотоодын эдийн засгийн хүндрэлтэй тулгарсан ч аж үйлдвэрийн бодлогоо өөрчлөх сонирхолгүй байгаа гэж шинжээчид үзэж байна.

Хоёр улсын удирдагчдын хувийн харилцаа дипломат сувгийг нээлттэй байлгахад тодорхой үүрэг гүйцэтгэж байгаа ч институцийн түвшний үл итгэлцэл арилаагүй байна. Тайванийн асуудал, Өмнөд Хятадын тэнгис, технологийн өрсөлдөөн, Хятадын Орос болон Ирантай харилцах бодлого зэрэг стратегийн асуудлууд хамгийн том маргаан хэвээр байгаа юм.
Мөн АНУ Хятадын өндөр технологийн салбарт тавьж буй экспортын хориг, хөрөнгө оруулалтын хяналтаа чангатгаж байгаа бол БНХАУ газрын ховор элемент болон зарим өндөр технологийн бүтээгдэхүүний экспортод хязгаарлалт тогтоох зэрэг хариу арга хэмжээг авч байна. Энэ нь дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ болон олон улсын зах зээлд тодорхойгүй байдлыг улам нэмэгдүүлж байна.
Вашингтон, Бээжин хоёрын харилцаа бүрэн сайжирсан гэж хэлэхэд эрт байна. Хоёр тал мөргөлдөөнөөс зайлсхийхийг хүсэж байгаа ч худалдаа, үндэсний аюулгүй байдал, геополитикийн ашиг сонирхлын зөрчил нь ойрын хугацаанд АНУ–Хятадын харилцааг дахин хурцатгах өндөр эрсдэлтэй хэвээр байгаа аж.
Л.Баяр















































