
Энэтхэгийн Болливудын жүжигчин Тайгер Шрофф аравдугаар сарын 18-ны ням гаргийн орой Мумбай хотын Жуху дүүрэгт буут халдлагад өртсөн ч бэртэл гэмтэл аваагүй, эсэн мэнд үлджээ. Харин түүний жолооч болон ойролцоо явж байсан жолооч буудлагын үеэр шархадсан байна.
Хэрэг Пушпа парк орчимд болсон бөгөөд жүжигчин хөл бөмбөг тоглосныхоо дараа жолоочийн хамт гэр рүүгээ буцаж явах үед үл таних этгээдүүд түүний автомашин руу гал нээжээ. Тухайн үед жүжигчнийг харахаар хүмүүс цугларсан байсан аж.
Мумбай хотын цагдаагийн байгууллагаас Тайгер Шрофф суманд оногдоогүй, биеийн байдал нь хэвийн байгааг мэдээлсэн байна. Түүнийг жолоочийнх нь хамт эмнэлэгт хүргэсэн бөгөөд шархадсан жолоочийн биеийн байдал амь насанд аюулгүй гэж мэдээлжээ.

Халдлагын дараа Лоуренс Бишнойгийн бүлэглэлтэй холбоотой гэх этгээдүүд уг хэрэгт хамааралтай тухай мэдээлэл гарсан байна. Мөн Ананд Пандит нэртэй гэмт хэргийн бүлэглэлийн этгээд халдлагын хариуцлагыг хүлээсэн гэх мэдээлэл хэвлэлүүдэд нийтлэгджээ. Гэхдээ уг мэдэгдлийн үнэн зөв, халдлагын цаана ямар шалтгаан байсныг цагдаагийн байгууллага эцэслэн тогтоогоогүй байна.
Мумбай хотын цагдаа нар хэргийн газарт үзлэг хийж, камерын бичлэг болон бусад нотлох баримтыг шалган мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Мөн халдлагад оролцсон этгээдүүдийг тогтоохоор хэд хэдэн баг ажиллуулсан байна.
Тайгер Шроффын аав, жүжигчин Жеки Шроффын баг хүүгийнх нь биеийн байдал хэвийн байгааг баталжээ. Халдлагын дараа Тайгер Шроффыг цагдаагийн хамгаалалтад гэрт нь хүргэсэн байна.
Л.Баяр





















































