“Алтан ус” Монголын уран сайхны кино энэ сарын 21 -нд нээлтээ хийх гэж байна. Энэхүү киноны гол дүрд реппер Gee, Rokit bay нар хамтран тоглосон бөгөөд тус киног “Keystone Films”, “Khagan Films”, “Nu producing” –нууд хамтран бүтээжээ.Кино сонирхогчдын дунд аль хэдийнэ хүлээлт үүсгээд байгаа тус киноны зураг авалтын ихэнх хэсгийг элсэн цөлд авсан аж. Зохиолын санааг МУГЗ Ц.Нацагдорж гаргаж, Э.Оргил зохиолч, найруулагчаар ажилласан “Алтан ус” кинонд тарчигхан амьдралтай найзууд богино хугацаанд баяжих хүсэлдээ автан өөртөө байх бүх зүйлээ зарж алтны эрэлд гарахаар шийдсэнээр киноны үйл явдал өрнөдөг байна. Эхэндээ бүх зүйл төлөвлөгөөний дагуу байсан ч эцсийн мөчид байдал буруугаар эргэж алтаа аваад үхэх үү, алтаа хаяад амьд үлдэх үү гэсэн хоёр сонголт тэдний өмнө гарч ирснээр киноны үйл явдал өрнөнө.


















































