Монгол Улсад сонгодог болон цэргийн үлээвэр найрал хөгжим үүсч хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож буй билээ. Ойн баярын хурал, хүндэтгэлийн концерт өнөөдөр 15:00 цагт Соёлын төв өргөөнөө болох гэж байна. Мөн Чингис хааны нэрэмжит төв талбайд 14:00 цагт Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын үлээвэр найрал хөгжмийн үзүүлэх тоглолтыг иргэд, олон нийтэд толилуулах юм.Зэвсэгт хүчний Жанжин штабаас санаачлан сонгодог болон цэргийн үлээвэр хөгжим үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан “100 жилийн түүх дурсамж” номын нээлт, “Үлээвэр хөгжим-100 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, Зэвсэгт хүчний Жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимд тоглогдох “Марш зохиол”-ын уралдаан, “Хийморь бадраасан 100 жил” сэдэвт уулзалт өдөрлөг, “Долоон бурхандаа өргөх хөгжмийн цацал” хүндэтгэлийн цэнгүүн, Улаанбаатар цэргийн хүрээний үлээвэр найрал хөгжмүүдийн дунд “Үлээвэр хөгжмийн уралдаан” зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж байсан.


























































