Ардчилсан Хувьсгал үүсч Монголын Ардчилсан Холбоо байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан уламжлалт барилдаан Монгол бөхийн өргөөнд өчигдөр болж өнгөрлөө. Тус барилдаанд улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, улсын арслан Х.Мөнхбаатар, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Л.Пүрэвжав, Ө.Бат-Орших, Т.Мөнгөнцоож нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой 224 бөх зодогдлосон юм. Ардчилалын ойд зориулсан барилдааны түрүү бөхөөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Таванхан дэвжээ, Ноёд групп, Мондэй группийн бөх улсын аварга Г.Эрхэмбаяр тодорч, Увс аймгийн Давст сумын харьяат Увснуур дэвжээ, "ДЦС-4" ТӨХК-ний бөх улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэлээ. Их шөвгийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат Таванхан дэвжээний бөх улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, Архангай аймгийн Булган сумын харьяат Бөхбилэгт дэвжээний бөх улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва нар шалгарлаа.

























































