Өнгөрсөн улирлын аварга СБЛ Хасын Хүлэгүүд баг улирлын 5 дахь тоглолтоо Гэгээн Хангай Лидер багийн эсрэг хийлээ. Энэ тоглолт эцсийн мөчид шийдэгдсэн гайхалтай тоглолт болсон. Тоглолтын 4-р үед Лидерүүдийн төвийн тоглогч О.Очирбатын 2 удаа дараалан цагариган дээрээс довтолсоноор, Лидерүүд онооны тэргүүллийг авсан. Лидерүүдээс энэ тоглолтонд Jonathan Blake 30 оноо, 10 самбар, 9 оновчтой дамжуулалт, О.Очирбат 22 оноо, 11 самбар, Э.Дөлгөөн 11 оноо, 17 самбар авчээ.Гэсэн хэдий ч залуу, туршлага багагтай энэ баг, тэргүүллээ баталгаажуулах, бөмбөг эзэмших тал дээр алдаа гаргаж, бөмбөгаа алдаж байлаа. Харин лигийн аварга Хүлэгүүд энэ алдааг нь өршөөсөнгүй, тухай бүрт нь оноо болгож байлаа. Хүлэгүүдээс А.Бямбадорж 23 оноо, 6 самбар, Б.Билгүүн 20 оноо, 5 самбар, Phil Jones 17 оноо, 7 самбар, О.Сэргэлэн 16 оноо авч, 7 оновчтой дамжуулалт өгчээ.
Улмаар үндсэн цаг өндөрлөхөд, 0,3 секунд дутуу байхад, Хүлэгүүд бөмбөг эзэмших эрхтэй болсон. Энэ үед О.Сэргэлэн нүүрний шугамаас дамжуулалт өгч, багийн лидер Б.Билгүүн шууд хатгаж оноо болгосноор, гайхамшигтай хожлын шидэлт хийсэн. Ингэснээр гайхалтай тоглолтьн эцэст 86:84 харьцаатай СБЛ Хасын Хүлэгүүд баг хожиж, улирлын 2 дахь хожлоо авлаа.

























































