Францын шинжээчид Альпийн нуруунд осолдсон Германы онгоцны хоёрдогч хар хайрцгийг олсон тухай мэдээлж байсан. Тэгвэл өчигдөр дахин нэг хар хайрцаг олдсон байна.
Францын албаныхны хэлж буйгаар “Germanwings” авиа компанийн 4U 9525 дугаарт нислэгийн хар хайрцагны бичлэг ашиглаж болохуйц аж. Хэдийгээр маш их дуу чимээн дундаас мэдээлэл ялгаж ойлгогдохоор байгаа ч онгоцны ослын учир шалтгаан бичигдээгүй хэмээн мэргэжилтнүүд хэллээ.
Мэргэжилтнүүд хар хайрцагны мэдээлэлд үндэслэн онгоц Альпийн нурууны газрыг маш хурдтайгаар мөргөн унасан бөгөөд унах үед ямар нэгэн дэлбэрэлт болоогүй гэсэн байна. Барселонагаас Дьюсселдорфыг зорьж явсан Германы онгоц өндрөө маш богино буюу наймхан минутын хугацаанд алдаж газарт унаснаар онгоцонд явсан 150 хүн бүгд амиа алдсан юм.
Францын Нисэх хүчний мөрдөн байцаах агентлагын дарга Реми Жоутигийн мэдээлснээр хар хайрцганд бичигдсэн шуугиант мэдээллээс ямар нэгэн дүгнэлт хийхэд эрт байна хэмээн ярьжээ.
Гэвч “Нью-Йорк таймс” сонинд нэрээ нууцалсан франц мөрдөн байцаагч онгоцны нисэгчдийн нэг нь хар хайрцгийг унагаасны улмаас гол мэдээлэл бичигдээгүй хэмээн бичжээ. Тэрээр “Хар хайрцагт хэн нэгэн хаалгыг доош нь татан онгойлгож байгаа чимээ бичигдсэн бөгөөд үүнээс хойш олигтой мэдэлэл бичигдээгүй” хэмээн ярьсан байна.
Онгоцны хоёр дахь хар хайрцгийг өчигдөр олсон юм. Уг хайрцагны мэдээллээр онгоц төлөвлөсөн ёсоор нислэгээ явуулж байна хэмээн мэдээлснээс хойш нэг минутын дараа өндрөө алдаж эхэлсэн аж.
Хоёр хар хайрцаг олдсон боловч ослын шалтгааны талаар хангалттай мэдээлэл авч чадахгүй байна. Хүмүүсийн дунд 11.5 км-ийн өндрөөс найман минут унах үед нисэгчид юу ярьж байсан нь яагаад байхгүй байна вэ? гэдэг асуулт үлдэж байна.
Унах үед нисэгчид юу ч яриагүй юу, эсвэл цагтаа хүчилтөрөгчийн багаа зүүсэн үү, эсвэл ямар нэгэн юманд цохиулсны улмаас амьсгал хураасан байсан уу гэдэг хол таамгууд хөвөрч байна.
Франц, Герман, Испанийн төрийн тэргүүнүүд лхагва гарагт ослын газарт очсон билээ. Франсуа Олланд, Ангела Меркель, Мариано Ражой нар аврах багийн ажилчид болон мөрдөн байцаагчидтай уулзаж ослын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хичээсэн байна.
Бүтэн эд анги нэг ч үлдэлгүй эвдэрч сүйрсэн онгоцонд нислэгийн багийн зургаан гишүүнээс гадна 144 зорчигч явсан бөгөөд тэдний 72 нь Германы, 51 нь Испанийн иргэд байсан юм.
Хэрэглэгчдэд илүү хямд үнээр үйлчилдэг “Germanwings” компанийг аюулгүй байдлаараа тэргүүлдэг Германы томоохон авиа компани “Lufthansa” эзэмшдэг юм.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)