Туркын Стамбул хотын Цагдаагийн газрын төв байрны гадаа халдлага болсон талаар “BBC” мэдээллээ. Цагдаа нар халдлага үйлдсэн зэвсэгтэй эмэгтэйг хөнөөсөн байна. Харин түүний хамтрагч эрэгтэй ажиллагааны үеэр шархадсан тул баривчлаад байгаа аж. Шархадсан этгээд өмнө нь эрх баригч АК намын төв байруудад дайран орсон хэргээр баривчлагдаж байсан тухай холбогдох албаныхан мэдээлжээ.
Холбогдох албаныхны мэдээлснээр халдагч эмэгтэй тэсрэх бөмбөгтэй явсан аж. Лхагва гарагт болсон халдлагаар хүний амь нас үрэгдсэн болон гэмтэж бэртсэн тохиолдол гараагүй байна.
Энэ үеэр өчигдөр болсон халдлагын хохирогчийг хүндэтгэх дурсах ёслол тус хотын Шүүх танхимын гадаа болон хотын томоохон сүмд болж байна.
Мягмар гарагт Стамбул хотын Шүүхийн байгууллагад засгийн газрыг эсэргүүцэгч бүлэглэлийн хоёр гишүүн халдаж нэртэй прокурорыг барьцаалах үедээ шархдуулсны улмаас прокурор амиа алдсан хэрэг гарсан. Өнөөдөр өглөө прокурор Мехмет Сели Киразыг оршуулах ёслол болсон юм.
Уг арга хэмжээнд Туркын ерөнхий сайд Ахмет Давутоглу болон экс ерөнхийлөгч Абдулла Гул нар оролцжээ. Түүнэчлэн прокурорыг хүндэтгэн дурсахаар олон мянган иргэн оршуулгын ёслолд нь очсон байна. Ёслолын үеэр Хууль зүйн сайд Кенан Ипек “Манай үндэстэн лүү нэгэнт буугаа онилжээ” хэмээн босогчдын шүүмжлэн хэлжээ.
Прокурор Кираз нь засгийн газрын эсрэг үймээний үеэр амиа алдсан 15 настай босогч Беркин Элваны хэргийг хянаж байсан билээ. Өсвөр насны хүү 2013 оны зургаадугаар сард болсон их бослогын үед баривчлагдсан бөгөөд есөн сар комд байсны эцэст амиа алдсан хүүг гадны нөлөөгөөр үхсэн хэмээн буруутгасны улмаас прокурорыг барьцаалсан аж.
Хоёр өдрийн халдлагуудыг тус улсын Зонгулдак, Ардахан хотоос гаралтай “Ардын чөлөөлөх хувьсгалт фронт” нэрт зүүний эсэргүүцлийн хөдөлгөөний дайчид үйлдсэн нь тогтоогдсон юм.
Г.Үжин