Японд сумогийн улирал өрнөж буй. Гэвч Японы үзэгчид хэтэрхий олон гадаадууд, тэр дундаа хэтэрхий олон монголчууд дээд зиндаанд барилдаж байна хэмээн гомдоллох болсон тухай “news.asiaone.com” мэдээлснийг хүргэе.
Сүүлийн жилүүдэд мэргэжлийн сумод гадаадын бөхчүүд хүч авах болсон. Тэр дундаа дээд зиндаанд олны анхаарлыг татаж, найдварыг өвөртлөх япон бөх өдрийн од шиг цөөн. Харин монголчууд хэтэрхий олон байна.
Японы Сумогийн холбооны мэдээлснээр мэргэжлийн сумогийн 600 бөхөөс 25 нь монгол бөх байгаа аж. Хэтэрхий олон монголчууд байгаа тухай үзэгчдийн байр суурийг хүргэе.
39 настай бүжгийн багш Изуми Кондо “Сумогийн ертөнцөд дараагийн аварга болно хэмээн хүлээгдэж буй монголчууд хэт олон байна. Тухайбал хүмүүс эхлээд Тэрүнофүжи, дараа нь Ичиножог аварга болно хэмээн хүлээж байна. Тэгэхээр сүүлийн жилүүдэд бүхий л их аваргууд монгол хүн болох нь. Хэрвээ Монголоос хэтэрхий олон аварга дараалан төрөх юм бол япончуудад таатай санагдахгүй” хэмээн ярьжээ.
71 барилгын инженер Фумио Тамура “Сумо олон улсын спорт болж байгаа нь гайхалтай. Гэвч би япон хүн учраас япон их аварга төрөөсэй хэмээн хүсч байна. Сүүлийн жилүүдэд нэг ч япон хүн их аварга болсонгүй” хэмээн ярив.
Монголын их аварга Хакухо 1500 жилийн түүхтэй сумогийн ертөнцийн дээд амжилтыг эзэмшиж байна. Түүний араас дөрвөн монгол нэхэж байна. Мөн Эстони, Болгарийн бөхчүүд сайн барилдаж байна.
Тэгвэл яагаад япончууд амжилт гаргахгүй байна вэ? Яагаад шинэ япон аварга төрөхгүй байна?
Сумо бөхийн амьдрал өнөөгийн япончуудын хувьд сонирхлыг татахаа больжээ. Сумо болох маш хэцүү, бэлтгэл хатуу, бөх болох хүмүүс гэр бүлээсээ тусдаа амьдрах шаардлагатай зэрэг нь сумогоор хичээллэх япончуудын тоог бууруулж байгаа юм.
Үүнээс гадна сумогийн ертөнц хатуу шатлалтай байдаг. Бөхчүүд 50 зиндаанд хуваагдах бөгөөд тэдний цалин, статус зэрэг нь зэрэг зиндаанаас хамаарна. Зөвхөн эхний таван зиндаанд барилддаг бөхчүүдэд л хүнтэй гэрлэхийг зөвшөөрдөг ба тогтмол цалин авдаг аж. Тухайлбал, ёкозуна хүн сар бүр 34 мянган ам.долларын цалин авдаг байна.
Энэ мэтийн хатуу дэг журмууд залуучуудыг сумогоор хичээллэхээс татгалзахад хүргэж байгаа юм. Харин аль хэдийн бөх болсон япончууд үнэхээр сайн хичээгээд тэднийг гүйцэхгүй банйа уу? эсвэл хичээхгүй байна уу? гэдгийг хэлэхэд хэцүү юм.
Г.Үжин
Сэтгэгдэл (3)