Америкийн тагнуулын онгоцонд Оросын сөнөөгч онгоц хэт ойртлоо хэмээн тус улсын албаныхан шүүмжилж байна.
Тодруулбал, АНУ-ын RC-135U тагнуулын хөлгийг Оросын Калининградын бүс нутгийн ойролцоох Балтын тэнгисийн дээгүүр нисч явахад Оросын Sukhoi Su-27 маркын сөнөөгч онгоц хэт ойртож, сүрдүүлсэн хэмээн буруутгаж байна.
Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Эйлийн М.Лайнез олон нийтэд мэдэгдэхдээ “Дөрөвдүгээр сарын долооны өглөө АНУ-ын RC-135U онгоц олон улсын агаарын зайд тогтмол чиглэлдээ явж байгаад Оросын Su-27 Flanker хөлөгт “эзлэгдэлээ”. Энэ нь аюултай болоод мэргэжлийн бус үйлдэл гэдгийг анхаарах ёстой” гэсэн байна.
Долоо хоногийн өмнөх үйл явдлын өнөөдөр олон нийтэл дэлгэж буй тэрээр АНУ нь ОХУ-тай дипломат харилцааны хувьд таарамжгүй байгаа үед энэ бол зүгээр өнгөрөөж болохгүй хэрэг гэдгийг онцолжээ.
Албаныхны хэлж буйгаар Оросын хөлөг зургаа орчим метрийн ойртжээ. Тиймээс Оросын нисэгчийн болчимгүй үйлдэл нь Америкийн агаарын хүчний тусгай багийг эрсдэлд оруулсан гэлээ.
Харин Оросын Батлан хамгаалахын хэвлэлийн төлөөлөгч, Хошууч генерал Игорь Конашенков “Оросын агаарын хүчний радиолокаци Балтын тэнгисийн дээгүүр тодорхой бус агаарын хөлөг илрүүлсэн бөгөөд үндэсний хилд нэвтэрч мэдэх байсан тул амдан барих ажиллагааг эхлүүлсэн. Америкийн агаарын хөлөг хариулагчаа унтраасан байсан тул мэдээлэл авах боломжгүй байсан” гэжээ. Мөн Америкийн агаарын хүчний тагнуулын онгоц гэж мэдсэн даруйд амдан барих ажиллагааг зогсоосон хэмээн мэдэгдсэн байна.
Игорь Каношенковын хэлснээр Sukhoi Su-27 хөлөг Америкийн онгоцыг хэд хэдэн удаа тойрон ниссэний дараа RC-135U хөлөг Оросын хилээс холдсон гэжээ.
Америкийн тал ОХУ-ыг Калинградад цөмийн чадамжтай пуужингийн систем байршуулж байгаа учраас агаарын тагнуул хийж байгаа хэмээн тайлбарлаж байна. Харин Москва НАТО-г агаарын хүчний хувьд ч Оросын эсрэг хийрхэхээ болих ёстой хэмээн шаардаж байгаа юм.
Д.Идэр
www.24tsag.mn
Сэтгэгдэл (12)