2013 оноос яригдаж эхэлсэн Шүрэнгийн усан станц баригдаж эхлэх юм бол Байгаль нуурт хэмжээлшгүй их хор хохирол учруулах тухай өчигдөр гадаадын хэвлэлд мэдээлжээ. Уур амьсгалын өөрчлөлтийн профессор Ансон Макайн бичсэн “Олон төрлийн амьтдын гэр болсон дэлхийн хамгийн том нуурт Монголын далан, хоолой заналхийлж байна” гарчигтай асуудал хөндсөн өгүүлэл нийтлэгджээ. Байгал нуур, Сэлэнгэ мөрний бохирдлыг судалдаг тэрээр Их Британийн Хүрээлэн буй орчны судалгааны зөвлөлийн санхүүжилтээр ажилладаг байна.
Монголын далан барих ажил ямар хор хөнөөлтэй, яагаад олон улсын маргаан дэгдээж болзошгүй тухай ноцтой нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэе.
Байгаль нуурын далайн хав дэлхийн хаана ч байхгүй.
Монгол Улс тэсрэлт хийж буй уул уурхайн үйлдвэрлэлд хэрэгтэй ус, цахилгаанаа гаргаж авахын тулд хамгийн том голдоо асар том далан барих гэж байна. Хэдий тийм ч байгаль орчин хамгаалагч бүлгүүд усан цахилгаан станц болон энэ төсөлтэй холбоотой хоолойн ажил нь дэлхийн хамгийн эртний бас гүний цэвэр усны нөөц болсон Байгаль нуурт хэмжээлшгүй гамшиг учруулахыг анхааруулж байна.
Орос, Монголын хилд байрлах Байгаль нуурт эрсдэл учруулж буй нь Монголын хойд хөршийг ихээхэн бухимдуулж байна. Хяналтгүй уул уурхайн олборлолтын улмаас одоо Байгаль нуурын усны түвшин асар их багассан бөгөөд эрэг нь замаг шавраар дүүрсэн нь Оросыг аль хэдийн бухимдуулаад эхэлчихсэн.
Энэ зуур Монголын хойд хэсгээр урсах Сэлэнгэ мөрөнд Шүрэнгийн усан цахилгаан станц барих саналыг 2013 онд гаргасан бөгөөд одоо Дэлхийн банк санхүүжүүлэн төслийн байгаль орчин, нийгмийн нөөлөөллийн үнэлгээг хийж байгаа юм. Станцтай хамт Монгол Улс дэлхийн хамгийн том ус дамжуулах хоолойг барихаар төлөвлөж байгаа бөгөөд Сэлэнгэд цутгадаг Орхон голын уснаас 1000 км-ийн цаана орших говийн уурхайчдад ус нийлүүлэхээр төлөвлөсөн.
Байгаль нуурын гүнд дэлхийд ховор амьтдын гэр бий.
Эдгээр төслүүд нь урсгал дагадаг Байгаль нуурт хэмжээлшгүй сөргөөр нөлөөлнө. 25 сая жилийн өмнө Өмнөд Сибирт тектоникийн бүсэд тогтсон Байгаль нуурын хамгийн гүн хэсэг нь 1700 метр бөгөөд дэлхийн хөлдөөгүй цэвэр усны 20 хувийг агуулдаг.
Эртний гэдэг утгаараа тус нуурын гүнд 2500 гаруй төрлийн амьтан оршдог хэмээн бүртгэгдсэн бөгөөд тэдгээрийн 75-аас илүү хувь нь нутагшмал буюу дэлхий дээр хаана ч байхгүй амьтад аж. Тэнд нүдэнд үл үзэгдэх ургамлуудаас эхлээд дэлхий ховордсон цэнгэг усны далайн хав бие биетэйгээ нягт холбоотой амьдарч байна. Биологийн олон янзын энэхүү чухал ач холбогдлыг нь тооцоолж Байгаль нуурыг 1996 онд ЮНЕСКО Дэлхийн соёлын өвд бүртгэсэн юм.
Сэлэнгэ мөрөн өөрөөрөө чухал эко систем юм.
Байгаль нуурт цутгадаг 350 гаруй голоос хамгийн чухал, хамгийн ач холбогдолтой нь Сэлэнгэ мөрөн. Учир нь Сэлэнгэ мөрөн нуурын усны 50 орчим хувийг хангадаг. Сэлэнгэ мөрөн болон цутгалангууд нь Монголын хойд хэсгээр өргөн уудам нутгийг хамран урсдаг бөгөөд Байгал нуурт нийлдэг урсацын талбайг тооцоолбол Испани улсын газар нутгаас ч том хэмжээ гарч ирнэ. Уг мөрөн нь ач холбогдлоороо дэлхийд танигдсан Сэлэнгийн цутгалангаар дамжин Байгаль нуурт нийлдэг.
Байгаль нуурын эрүүл ахуйн хувьд Сэлэнгийн цутгалан нь амин чухалд тооцогдоно. Цутгалангийн гүехэн хэсэг нь Байгаль нуурын олон ховор төрлийн загасны түрсээ шахах газар болдог. Жил бүрийн энэ гайхамшигт мөчид сая сая нүүдлийн шувууд үүгээр дайрдаг юм. Түүнчлэн цутгалан нь нуурт хүрэхээс өмнө бохирдсон урсгалыг цэвэршүүлдэг шидтэй.
Шүрэнгийн усан цахилгаан станц цутгаланд аюул учруулах ганц зүйл биш. Монголын хойд хэсэгт эхэлсэн алт болон бусад эрдэс баялагийн олборолтын улмаас Сэлэнгэ мөрний ус хүнд металийн элементээр сэлгэгдэж, аль хэдийн бохирдоод эхэлчихсэн.
Байгаль нуур болон Сэлэнгийн цутгаланд цутгах голын урсгалд нөлөөбөл Байгаль нуурын амьдралд үгээр илэрхийлж боломгүй хохирол учрах юм. Цутгалангийн гүехэн ус багасвал загас үржих боломжгүй болно. Ингэснээр шувууд, усны шавьжнууд ч орон гэрээ алдана гэсэн үг.
Биологийн олон төрөлт байдал алдагдах нь Байгаль нуурын ер бусын эко системийг доройтуулаад зогсохгүй орон нутгийн болон бүс нутгийн эдийн засагт ихээхэн хохирол учруулах юм.
Дээрх шалтгаануудаар "Хил хязгааргүй гол мөрөн" ТББ болон Монгол-Оросын эрдэмтэд Дэлхийн банкыг төслийг үнэлгээг санхүүжүүлж энэхүү сүйрэлд гар биечлэн оролцохоо зогсоохыг шаардсан. Оросын Аюулгүй байдлын зөвлөл ч Ерөнхийлөгч Владимир Путинд үндэсний хэмжээний аюулгүй байдын асуудал тулгарлаа хэмээн зөвлөж байгаа.
1950-иад оны үед Иркутск хотод Ангар мөрөнд усан цахилгаан станцын далан барьсан. Ангар мөрөн нь Байгаль нуурын гадагшаа урсдаг цор ганц урсгал юм. Далан барьж дуусах үед нуурын усны түвшин олон метрээр ихсэж 150 мянган га газрыг хамарсан их үер болсон. Үүний улмаас 15 мянган хүнийг нүүлгэн шилжүүлж байсан түүхтэй.
Хамгийн сүүлд л гэхэд Иркутскын далангийн улмаас /тооцолсон ёсоор тунадас ороогүйгээс/ Байгал нуурын усны түвшин байгаагүй хэмжээгээр багассан.
Үүн дээр нэмээд Шүрэнгийн усан цахилгаан станц болон Орхон-Говийн ус тойруулах хоолойг барих ажил ногоон гэрлээр гарах юм бол Байгаль нуурын хувь заяа хаашаа эргэх нь ойлгомжтой болно.
Орчуулсан Д.Идэр
www.24tsag.mn
Сэтгэгдэл (39)