Йеменд болж буй зэвсэгт мөргөлдөөн хурцдаж бутай холбогдон дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өсч буй тухай “CNN” мэдээллээ.
Ирэх зургаадугаар сард хүргэх гэрээтэй Брэнт маркын гакрын тосны үнэ 1.21 хувиар өсч, баррел нь 64.22 ам.доллар болсон байна. Харин тавдугаар сард хүргэх WTI маркын газрын тос 1.49 хувиар өсч 56.57 ам.долларт хүрчээ.
Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр Саудын Арабын тэргүүтэй олон улсын армийн хамтрал Йемений Ерөнхийлөгч Анд Раббух Мансур Хадийн хүсэлтээр тус улс дахь шийтийн босогчдод агаараас цохилт өгч эхэлсэн юм.
Сүүлийн үед нөхцөл байдал хурцдаж, өнгөрсөн ням гарагт л гэхэд Засгийн газрын дэмжигчид болон шийтүүдийн хооронд ээлжит мөргөлдөөний улмаас Зүүн Йеменд 100 орчим хүн амь үрэгдсэн билээ.
Тиймээс дэлхийн газрын тосны стратегийн чухал бүс нутагт мөргөлдөөн болж, хамгийн том нийлүүлэгчдийн нэг Саудын Араб оройлон оролцож буй гэдэг утгаараа байдал хурцдах тусам газрын тосны үнийг хөөрөгдөх төлөвтэй байна.
Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өнгөрсөн зургаадугаар сараас хойш бараг 50 хувиар унаад, сэргэж эхлээд байгаа юм.
Сэтгэгдэл (1)