Богино хугацаанд эдийн засгаа сэргээнэ хэмээн амласан Грекийн Засгийн газар Олон улсын Валютын санд зээлээ төлж чадахгүй хүрч, цөхрөнгөө барж байгаа тухай барууны хэвлэлүүд мэдээлжээ. Зээлээ заасан хугацаанд эргүүлэн төлж чадахгүйд хүртлээ доройтсон байдал нь тус улсыг Европын холбооноос хасагдахад хүргэж мэдэхээр байна хэмээн олон улсын шинжээчид дүгнэжээ.
Грек Олон улсын валютын санд ирэх тавдугаар сар гэхэд нэг тэрбум еврог эргүүлэн төлөх ёстой. Гэвч Засгийн газар өрөө төлөхийн тулд байдаг бэлэн мөнгөө дуусгаж байгаа аж.
Хамаг юмаа шавхаад ч нэг тэрбум еврод хүргэж чадаагүй эрх баригчид эцэстээ олон нийтийн байгууллагуудад “халдах” болсон байна. Засгийн газар олон нийтийн байгууллагуудыг сайн дураар хандив өгөхийг хүссэн хэмээн мэдээлж байгаа ч орон нутгийн хэвлэлүүд мөнгө тушаахыг албадан шаардаж байна хэмээн бичжээ. Учир нь хандив цуглуулах ажиллагаа амжилт муутай байгаа учраас парламентаар нэгэн захирамжийг батлуулахаар хэлэлцүүлж байгаа гэнэ.
Уг акцанд ирэх 15 хоногийн хугацаанд гурван тэрбум еврог олон нийтийн байгууллагуудаас гаргуулна гэх шуум тарсан байна. Мөн уг баримт бичигт мөнгө хандивлах ёстой байгууллагуудыг олон нийтийн байгууллага, орон нутгийн удирдах газрууд хэмээн заасан байна. Гэвч Грекийн хэвлэлүүд үүн дээр нэмэгдээд тэтгэврийн сангууд болон зарим төрийн өмчит фирмүүд багтсан хэмээн мэдээлжээ.
Европын Төв банк хэдхэн хоногийн өмнө мэдэгдэл хийсний дараа Грекийн эрх баригчид дээрх арга хэмжээг санаачилжээ. Европын Төв банкны тэргүүн Марио Драги “Грек авралын санхүүжилтэд хамрагдахыг хүсч байгаа бол одоо хийж буйгаасаа ч илүүг хийх ёстой ” хэмээн мэдэгдсэн юм. Мөн тэрээр “Бид бүгд Грекийг аврагдаасай хэмээн хүсч байгаа. Гэхдээ ямар хариу гарах нь Грекийн засгийн газрын гарт байгаа” хэмээн тодотгосон байна.
Грекийн хууль тогтоогчид ирэх баасан гарагт болох Евро бүсийн Сангийн сайдуудын уулзалтаас өмнө Европын Төв банктай тохиролцоонд хүрэхийг хичээж байгаа юм. Учир нь өрөө төлж чадахгүй байгаа Грек Евро бүсээс жийгдэнэ гэсэн айдас тулгараад байгаа аж.
Хэрвээ Алексис Ципрасын кабинет зээлдүүлэгчидтэй дахин тохиролцоонд хүрч авралын санхүүжилтыг авч чадахгүй бол Европын холбооноос “хөөгдөх” замд эргэлт буцалтгүйгээр орно хэмээн зарим ажиглагчид дүгнэжээ. Грек үүнээс өмнөх боломжийг алдаж зээлийн хугацааг сунгасан, гэвч одоо дахиад л итгэл алдаж байна хэмээн шүүмжлэх хүмүүс олон байна.
Д.Идэр
www.24tsag.mn
Сэтгэгдэл (2)