Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2016 онд “АСЕМ”-ын 11 дэх уулзалт зохион байгуулагдах гэж байгаа. Тэгвэл дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа уг үйл ажиллагааны талаар ажлын албаны ахлагч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан, Монголын зочид буудлуудын холбооны тэргүүн С.Мөнхбат нар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаанаас зарим зүйлийг тодрууллаа.
-2016 онд “АСЕМ” дээд түвшний уулзалтыг Монгол Улс хүлээж авна. Энэ хүрээнд яриагаа эхлэх үү?
-Уулзалтаас өмнө арваад арга хэмжээ зохион байгуулагдана. Нэг арга хэмжээнд оролцох төлөөлөгчдийн тоо бол 300-4500 хүртэлх. Тийм хэмжээний зочид төлөөлөгчид ирнэ гэсэн үг. “АСЕМ”-ын уулзалтыг хүлээж авна гэдэг нэр төр, хариуцлагын асуудал. Зочид маань өрхийн тэргүүний нэрээр ирээд, явахдаа гэргий нь ямар хүн байдаг вэ гэдгээр дүгнэнэ. Өөрөөр хэлбэл, зочид ирэхдээ Монгол Улс гэдэг айлд ирнэ. Явахдаа Монгол Улс гэж ямар айл вэ гэдгийг өөр өөрсдийнхөөрөө дүгнээд явна. Хүн нэрээ, тогос өдөө гэдэг шиг бүгдээрээ хариуцлагатай байх хэрэгтэй байна. Бидний зүгээс Монгол Улсад болох улс төрийн энэхүү том арга хэмжээг бэлтгэхдээ зургаан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
-Ажлын хэсгүүдийн хувьд уг арга хэмжээг хэрэн зохион байгуулах,зочдыг яаж ая тухтай байлгах дээр тодорхой шийдэлд хүрч чадсан уу?
- Бид Зочид буудлын холбоо, зочид буудлуудтайгаа уулзаж хэд хэдэн удаа уулзлаа. Нэгдүгээрт, төр засаг нь зочид буудлуудаа дэмжие, зочид буудлууд нь төр засгийнхаа хариуцлагатай үүргийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар болсон. Тиймээс “Хамтдаа” гэсэн уриан дор нэгдэж байна.
“АСЕМ”-ийн дээд түвшний уулзалт болсоны дараа Монгол Улсын нэр төр сайнаар дуудагдахаас гадна, Монгол Улсын экспортийн салбар болсон аялал жуулчлалын материаллаг базз бэхэжсэн, Монголын олон арван зочид буудлуудын үйлчилгээний чанар чансаа 1-2 дээшилсэн байх чиглэлээр хамтарч ажиллаж байна. “АСЕМ”-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах, хүлээж авах, зочид төлөөлөгчийг хүлээж авах байршлуудыг нь сонгож авсан.
-Зочид буудлуудад хөнгөлөлттэй зээл олгоно гэж байна. Энэ нууц биш бол?
-Нуух зүйл алга. Хөнгөлөлттэй зээлийн туршлага байгаа гэж үзэж байна. Журмаа Засгийн газрын хуралдаанаар батлуулна. 3-5 жилийн хугацаатай жилийн 9 хүртэлх хувийн хүүтэй зээл олгохоор төслийн баримт бичигт тусгагдсан. Тодруулбал, нэг аж ахуй нэгжид 30 тэрбум хүртэлх зээл өгнө. Зочид буудлуудын эрэлт хэрэгцээг бид судалж байгаа. Урьдчилсан судалгаагаар энгийн зүйлээс эхлээд том хөрөнгө оруулалт шаардаж байна. Тухайлбал, цагаан хэрэгсэл, ор хөнжлийн даавуунаас эхлээд харуул хамгаалалт, гаднах тохижуулалт, аяга таваг, өнгө үзэмж гээд их олон ажлууд байгаа. 40 гаруй буудлууд 40 хэдэн янзын эрэлт, хүсэлт байна. Засгийн газрын хуралдаанаар зээл санхүүжилт хийх журмаа батална. Дараа нь холбогдох банкуудтайгаа ажиллаж, шаардлага хангасан тохиолдолд Сангийн яамнаас санхүүжилтийг нь хийнэ. Энэ зээл эргээд төлөгдөнө. Төрийн хувьд сургалтын зардлыг л даана. Бусдыг нь бол зочид буудлууд зээл хэлбэрээр аваад өөрсдийнхөө үйлчилгээг сайжруулна. Энэ зээлд хяналт тавьж шаардлага тавьж, шалгалт ч авна.
“АСЕМ”-ийн өндөр түвшний уулзалтад оролцох гадаадын зочид төлөөлөгчид хаана, ямар одтой зочид буудлуудад байрлах хийгээд зочид буудлуудтай холбоотой асуудлаар Зочид буудлуудын холбооны ерөнхийлөгч С.Мөнхбатаас тодрууллаа.
-Энэ уулзалтыг хүлээж авахад зочид буудлууд маань бэлэн байна уу?
-Аюулгүй байдал, ажлын төлөвлөгөөний дагуу нийт 43 зочид буудлыг сонгож авсан. Эдгээр 43 зочид буудлуудад 3586 өрөө, нийт 5379 ор, үүнээс Ерөнхийлөгчийн өрөө 37 зэргээр байгаа.
Зочид буудлууд таван дүүрэгт байгаа. Чингэлтэй дүүрэгт 4, Сүхбаатар дүүрэгт 22, Баянзүрх дүүрэгт 5, Хан-Уул дүүрэгт 6, Баянгол дүүрэгт 5 зочид буудлууд байгаа. Эдгээр зочид буудлуудад 2015 онд багтаан нээлтээ хийх дэлхийн сүлжээний томоохон зочид буудлууд бий.
Дашрамд хэлэхэд, буудлуудыг урьдчилсан байдлаар сонгож авсан бөгөөд Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар шийдвэрлүүлэх нь ээ. Зочид буудлууд харьцангуй урт хугацаа, бага хүүтэй зээлээр хөрөнгө оруулалт хийх аж. Харин төрийн зүгээс зочид буудлуудад сургалт явуулж туслах гэнэ.
Аливаа зочид буудалд 12 төрлийн гол ажил үүрэгтэй хүмүүс байдаг. Эдгээр үнэгүй сургалтыг вакумжуулсан байдлаар өндөр түвшинд хийх юм байна.
БОНХЯ зэрэг холбогдох байгууллагууд нь зочид буудлуудад “од” байлгадаг арга барил стандартаа олон улсад нийцүүлэх хэрэгтэй байгааг дээрх ажлын алба онцоллоо. Заавал том газар одтой байхгүй. Жижиг газар мөртлөө олон “од”-той зочид буудлууд байдгийг ч дурдлаа.
Д.Ундрах /24tsag.mn/