Израилийн Тель Ивив хотод олон зуун этиоп үндэстэн арьс өнгөөр ялгаварлах үзлийг эсэргүүцэн жагслаа. Гэвч өчигдөр болсон жагсаал эмх замбараагүй байдал болон хувирч, жагсагчид цагдаа нарт бүдүүлгээр халдаж эхэлсэн тул морьт цагдаа нарыг дайчлахад хүрсэн байна. Жагсаалыг ойрын жилүүдэд Израилийн худалдааны гол төвд болж байгаагүй хамгийн харгис жагсаал боллоо хэмээн эрх баригчид онцолж байна.
Израилийн Этиоп гаралтай еврейчүүд өнгөрсөн долоо хоногт цагдаа нар хар арьст цэргийг зодож буй бичлэг цацагдсаны дараа нэгдэж эхэлсэн аж.
Хотын төв болсон Рабин талбайд цугласан жагсагчид цагдаа нарыг машиныг эргүүлэн шидэж, дэлгүүрүүдийн цонхыг хагалан, чулуу нүүлгэж олон нийт, хувь хүний эд хөрөнгөд халдаж эхэлсэн хэмээн Израилийн цагдаагийн газраас мэдээллээ.
Мөргөлдөөний үеэр 56 цагдаа, 12 жагсагч гэмтэж бэртсэн бөгөөд заримынх нь биеийн байдал хүнд нөхцөлд байгаа аж. Мөн 43 хүнийг танхайн хэргээр баривчилсан байна.
Цагдаа нар нулимс асгаруулагч хий ашигласан ч жагсагчдыг тарааж чадаагүй тул эцэстээ морин цагдаа дуудахад хүртлээ байдал ширүүсчээ.
Тэмцэгчид “Хүчирхийлэгч цагдаа шоронд орох ёстой, Бид тэгш эрх шаардаж байна” хэмээн уриа лоозон хашгирчээ.
Цагдаагийн байгууллага жагсаалд 3000 хүн оролцсон хэмээн мэдээлсэн бол жагсагчид энэ тоог 10 мянга хэмээн үгүйсгэж байгаа юм.
Энэхүү дуулиант хэрэг явдлын дараа Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху өнөөдөр зодуулсан цэрэг Дамас Пакада болон тэмцэгчдийн төлөөлөлтэй уулзахаар болжээ.
1984, 1991 оны их цагаачлалын улмаас Израильд 135 мянга гаруй этиоп гаралтай еврейчүүд амьдардаг юм.
Д.Идэр
www.24tsag.mn
Сэтгэгдэл (2)