“Исламын улс” зэвсэгт бүлэглэлийн хээрийн цэргийн командлагчдын тухай мэдээллийг нийтдээ 20 сая доллараар худалдан авна гэж АНУ-ын Төрийн Департамент зарлалаа.
Тус бүлэглэлийн гол дөрвөн дайчны тухай мэдээллийг өндөр үнээр худалдан авахаар болсон тухай өчигдөр дэлхийн дахинд мэдээллээ. Абд аль-Рахмане Мустафе аль-Кадули гэгчийн тухай мэдээллийг долоо, Абу Мохаммеде аль-Аднани болон Тархане Таймуразовиче Батирашвили нарынхыг тус бүр таван сая, Тарике бен Аль-Тахаре бен аль-Фалихе аль-Авни аль-Харзи гэгчийн тухай мэдээг гурван сая доллараар үнэлнэ гэж Төрийн Департамент төсөвлөсөн байна.
Аль-Кадули нь 2012 онд шоронгоос суллагдсаныхаа дараанаас Сирид алан хядах ажиллагаа эрхэлж байгаа, зэвсэгт бүлэглэлийн гол хүний нэг, нэг биш удаа барууны орнуудын иргэд рүү халдахыг уриалж байсан этгээд юм байна. Умар аль-Шишани хэмээн алдаршсан Батирашвили нь болохоор Сирийн Аль-Табка хот дахь цэргийн шоронд гадаадын барьцаалсан иргэдийг хорих ажлыг удирддаг, “Исламын улс” бүлэглэлийн зөвлөлийн гишүүн, зэвсэгт бүлэглэлийнхээ санхүүг зохицуулдаг хүн. Харин Аль-Харзи нь Исламын улстай нэгдсэн алан хядагчдын толгойлогч, Персийн булангийн донор орнуудаас зэвсэгт бүлэглэлийг санхүүжүүлэх ажлыг хариуцдаг аж.
Г.Үжин