ОУХМ, Монгол Улсын Гавьяат тамирчин Т.Гүррагчаа 74 насандаа Эверестийн ноён оргилд авирахаар Монгол түмнийхээ итгэл сэтгэлийг өвөрлөн цаст Гималайг зорьсон билээ. МУГТ Т.Гүррагчаа Энэтхэгийн хоёр, Австрийн гурван уулчинтай нэг баг болон авиралтаа 2015.04.10-ны өдөр эхлүүлсэн бөгөөд 2015.05.01-ны өдөр далайн түвшнээс дээш 8000 метрийн өндөрт хүрсэн байна. Балбад газар хөдөлж гамшиг болсонтой холбогдуулан уулчдыг 6 хоног хүлээлгэсний эцэст цасан нурангийн улмаас ангал үүссэн, дахин газар хөдөлж болзошгүй гэж үзэн Эверестид авирч байсан бүх улсын уулчдын авиралтыг зогсоож, авиралтыг нэг жилийн хугацаатай хориглосон албан ёсны шийдвэр гаргасан байна. МУГТ Т.Гүррагчаатай холбогдоход “Биеийн эрүүл мэнд, бэлтгэл маш сайн, цаашаа авирч оргилд гарахыг маш их хүсч байсан гээд оргилын хажууд ирээд буцаж буйдаа харамсаж буйгаа” илэрхийлсэн байна. Гэсэн хэдий ч 74 настай хүнээс гарамгүй эр зориг гаргаж, цаст Гималайн ноён оргилд нь байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан гарч чадаагүй ч 8000 м өндөрт хүрч чадсанаар нь бахархахгүй байхын аргагүй юм. МУГТ Т.Гүррагчаа энэ бямба гарагт эх орондоо ирэх бөгөөд хандивлагчдын нэрсийг ОБЕГ-аас ирэх долоо хоногт олон нийтэд мэдээлэх аж.
24tsag.mn