АНУ-ын Делавер муж улсын ерөнхий прокурор асан, АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жо Байдены хүү Бью Байден тархины хорт хавдрын улмаас таалал төгсчээ.
46 настай тэрбээр энэ сарын эхээр Вашингтон хотын ойролцоо орших Уолтер Ридийн цэргийн эрүүл мэндийн төвд хэвтсэн байна. АНУ-ын улс төрд нэрд гарч явсан Бью Байдены эрүүл мэнд сүүлийн хэдэн жил хүндхэн байсан билээ. Тэрбээр Делавер муж улсын 2016 оны захирагчийн сонгуульд өрсөлдөх зорилготой байжээ.
Байдены гэр бүл үгээр илэрхийлэхийн аргагүй гунигт автлаа гэж дэд ерөнхийлөгч мэдэгдэв.
Ийм зүйл болсонд би болон миний гэргий ихэд гашуудаж байна гэж Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэлдээ дурджээ. Мөн тэрбээр, Бью нь олон хүний амьдралыг өөрчилсөн сайхан сэтгэлтэй, чин шударга залуу бөгөөд тэдний зүрх сэтгэлд мөнх орших болно гэж мэдэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон болон түүний эхнэр, Бью Байденыг таалал төгссөнд гүнээ харамсаж байгаагаа дурдаад, Байдены гайхалтай гэр бүлийн сайн сайхны төлөө залбирахаа мэдэгдсэн байна.