БНСУ-д Ойрхи Дорнодод дэгдээд буй халдварт өвчнөөр хоёр хүн амиа алдсан тухай “BBC” агентлаг мэдээллээ. Энэ нь Ойрхи Дорнодын амьсгаадалтын хам шинж өвчнөөр халдварлагчид Өмнөд Солонгост амиа алдаж буй анхны тохоилдол болж байгаа юм.
Амиа алдагсдын анхных нь 58 настай эмэгтэй байсан бөгөөд Ойрхи Дорнодод аялаад ирсний дараа халдвар авсан нь тогтоогджээ. Харин нөгөө хохирогч нь 71 настай эрэгтэй байжээ.
Амьсгаадалтын хам шинж өвчин нь Ойрхи Дорнод, тэр дундаа Саудын Арабт өргөн дэлгэрээд байгаа юм. Өнгөрсөн сараас хойш БНСУ-д тус өвчнөөр 17 хүн халдварлаад байгаа аж.
Өмнөд Солонгосын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр халдварлагсадтай дотно харилцсан 680 гаруй хүнийг тусгаарлан эмчилж, шинжилж байгаа юм байна.
Ойрхи Дорнодын амьсгаадалтын хам шинж өвчнөөр анх амиа алдсан тохиолдол 2012 онд Саудын Арабад бүртгэгдсэн билээ. Энэхүү халдварт өвчин нь Сарс багтдаг корона вирусын төрөлд харьялагдах бөгөөд халдварсан хүн халуурах, амьсгалахад хүндрэлтэй болох, уушиг үрэвсэх, бөөрний дутагдалд орох зэрэг шинж тэмдэг хүндээр илэрдэг байна.
Дэлхий даяар уг өвчнөөр 1167 хүн халдварласан бөгөөд 479 нь амиа алдаад байгаа ДЭМБ мэдээлжээ.
Г.Үжин