Монгол Улсад анхны ардчилсан, чөлөөт сонгууль явуулсны 25 жилийн ойд зориулсан олон улсын Хүндэтгэлийн хурал өнөөдөр Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд боллоо. Хүндэтгэлийн хурлыг нээн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж үг хэлэв.
Хурлын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ. Тэрбээр “25 жилийн өмнө болсон анхны ардчилсан сонгууль бол монголчуудын түүхэн сонголт, монголчууд бүх нийтээр оролцсон анхны ардчилсан чөлөөт сонголт байсан" гэдгийг онцлоод, “Монголчууд жаргавал өөрийнхөө эрхээр жаргаж, зовбол өөрийнхөө эрхээр зовъё гэж энэ түүхэн сонголтыг хийсэн. Өөрсдийн бүрэн эрхээ эдэлж, ардчилсан сонголтоо хийж, ардчиллаа өдий дайтай авч яваа Монголын ард түмэндээ гүн талархал илэрхийлье” хэмээв. 25 жилийн ойд зориулсан баримтат киног толилуулсны дараа Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Монголын Улсын Ардчиллын 25 жилийн ололт амжилт, сургамж” сэдвээр илтгэл тавилаа.Тэрбээр “Монголчуудын өнгөрсөн 25 жилийн хамгийн том ололт бол улс төр, үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогоо бие даан явуулж улсын дайтай улс болох түүхэн нөхцөл байдал бүрдсэн явдал юм. Хэвлэл мэдээлэл төр засгийн цензурээс салж, дөрөв дэх засаглалын үүрэг гүйцэтгэхээр болж, гудамж талбайд жагсах эрхээ эдэллээ. Хүн амын тоо сүүлийн 25 жилд нэг саяар нэмэгдэж бид саяхан гурван сая дахь иргэнээ хүлээж авлаа. Малын тоо толгой өнгөрсөн нийгэмд 27 саяас хэтэрдэггүй байсан бол өнөөдөр 60 орчим сая болоод байна” хэмээн хэллээ.