Нийтийн тээврийн шинэчлэлийг иргэд санаачилж, эхлүүлээгүй. Гэтэл албаны хүмүүсийн бүтэн хоёр жил гаруйн хугацаанд бодож, боловсруулж хийсэн нийтийн тээврийн “хуудуутай” шинэлчлэл, /бодлого/-ын хариуцлагыг иргэд хүлээж, амьдралд үүрч байна.
Уг нь аливаа буруу үйлдлийн хариуцлагыг тухайн хэрэг хийсэн этгээд хүлээх учиртай. Хуулиндаа ч ингэж заадаг.
Гэтэл нийтийн тээврийн шинэчлэх ажлын алдаатай бодлогын хариуцлагыг иргэд үүрч байгаа нь үнэхээр харамсалтай.
Ер нь “Нохойд барьдаг мод” гэгчээр сүүлийн жилүүдэд төр засаг, эрх мэдэлтэнгүүд ямар нэгэн шинэ содон зүйл санаачилж, түүнийгээ бүрэн боловсруулж, нягтлаагүй атлаа амьдралд хэрэгжүүлэхээр туршиж, эцэст нь тэдний алдаатай бодлогын хариуцлага ард түмний нуруун дээр ирж байгааг өнөөдрийн нийтийн тээврийн шинэчлэл гэх сүржин нэртэй ажил бэлхэнээ илтгэж байна.
Цахим картын борлуулах цэг ховор, цэнэглэлт хийх газрууд хангалттай бус байгаад иргэд гомдоллож байна.
Бараг сарын өмнө буюу өнгөрсөн сарын 24-ны өдөр нийтийн тээврийн шинэчлэл эхэлж, цахим картыг нэвтүүлэх ажил өрнөж эхэлсэн. Гэтэл энэ нь эхнээсээ зохион байгуулалт муутай байсан тул өнөөг хүртэл хэрэгжилт нь тийм ч хангалттай биш байгаа. Зарим иргэд ч цахим картын үйлчилгээг бүрэн ойлгоогүй байгаа гэхэд нэг их хилсдэхгүй.
Мэдээж шинэээр нэвтрүүлж байгаа ажил болохоор амьдралд биелэлээ олох нь төдийлөн сайн байхгүй нь ойлгомжтой. Гэхдээ л эхнээсээ зохион байгуулалт сайтай хийж, хэрэгжүүлсэн бол үр дүнд ч хурдан гарах байсан гэдгийг иргэд хэлж байгаа.
Ийнхүү өгүүлэхийн учир өнөөдөр цахим карт худалдаалах цэгүүд тийм ч хангалттай биш байгаа юм. Мөн карт цэнэглэх газрууд иргэдэд бүрэн хүрч үйлчилж чадахгүй байгаа нь энэ ажил хэрэгжихэд саат учруулж байгаа нь нууц биш. Карт цэнэглэх газрууд цагийн хуваарийн дагуу ажиллахгүй, эсвэл цэнэглэх мөнгөн нь дууссан гэх шалтаг шалтгаан тоочдог гэдгийг ч нийтийн тээврээр үйлчлүүлдэг иргэд хэлж байна.
Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар карт борлуулах 280 цэг нээсэн. Цаашид 500 болгон өсгөнө хэмээж байгаа. Сая гаруй хүн амтай, тэдгээрийн дийлэнх нь нийтийн тээврээр зорчидог нийслэлд карт борлуулах 300 орчим цэг байгаа нь үнэхээр хангалтгүй юм.
Нийтийн тээвэрт картын системийг шинээр нэвтрүүлж буй Смарт карт компани "U money" гэх картыг 3600 төгрөгөөр худалдаалж байгаа. Харин тус картыг 500-90 мянган төгрөгөөр цэнэглэх боломжтой бөгөөд картын үлдэгдэл 500 мянган төгрөг байх боломжтой байхаар зохион байгуулсан.
Харин карт цэнэглэх бүрт 50-200 төгрөгийн хураамж авч байгаад мөн л иргэд бухимдалтай хандаж байна.
Учир нь "U money" картыг 500-10 мянган төгрөгөөр цэнэглэхэд 50 төгрөг, 10.000-55.000 төгрөгөөр цэнэглэхэд 100 төгрөг, 55 мянгаас 90 мянган төгрөгөөр цэнэглэхэд 200 төгрөгийн хураамжийг карт цэнэглэлтийн шимтгэл хэмээн авч байгаа нь мөн л нийтийн тээврийн шинэчлэл хуудуутай, бусармаг явагдаж байгааг илтгэх мэт.
Нэлээд хэдэн жилийн өмнө арилжааны банкууд иргэдийг гүйлгээ хийснийх нь төлөө баримтын мөнгө хэмээн 100-200 төгрөгийн шимтгэл авдаг байсныг албаны хүмүүс буруутган энэхүү үйлдлийг таслан зогсоож байсан. Гэтэл өнөөдөр нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд иргэдээс карт цэнэглэлтийн шимтгэл авч байгаа нь бас л ойлгомжгүй байгаа юм.
Өнөөдөр ард түмний амьдрал хүндхэн байгаа нь нууц биш. Ажил, сургуульдаа явах унааны мөнгөө арай ядан олж байгаа хүмүүс маш олон. Тэдгээр хүмүүс цахим картаа нэг мөсөн буюу 55-90 мянган төгрөгөөр цэнэглээд байхгүй нь ойлгомжтой. Гэтэл нийтийн тээврээр зорчих картаа цэнэглэх бүрт нь 50, 100 төгрөгөөр “сааж” байгаа нь иргэдийн халаасыг хоослох шинэчлэл болсон хэмээхэд өөрийн эрхгүй хүргэв.
Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд автобусны чиглэлд өөрчлөлт оруулж, богино эргэлттэй болгоод хэд хонож байна. Гэтэл энэ нь мөн л иргэдийн бухимдлыг хүргэж, халаасыг хоослох ажил болж хувирав.
Автобуснууд богино эргэлттэй болж, иргэдэд түргэн шуурхай үйлчилнэ, сэлгэн суулт нь 30 минутын дотор үнэ төлбөргүй, түүнээс хойш хөнгөлттэй гэх мэтийн “чихэн дээр цэцэг ургуулсан” сайхан зүйлийг анх албаны хүмүүс мэдээлж байсан. Гэтэл хачир дээр юун үнэгүй, юун хөнгөлөлт болж, иргэдийн бухимдлыг төрүүлж, хэтэвчийг нимгэлсээр байна. Нэг унаагаар хүрэх газраа хүрч, ажил төрлөө амжуулдаг байсан иргэд өнөөдөр 2-3 автобус дамжиж, 1000-1500 төгрөг зарцуулж байгаа нь туйлын үнэн. Гэтэл иргэдийн энэхүү зовлонг автобусанд сууж үзээгүй эрхэмүүд төдийлөн сайн ойлгохгүй байгаа бололтой.
Хэлж, хийж байгаа нь зөрчилдөх энэхүү үйлдлээ албаны хүмүүс “Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд тэртэй тэргүй алдагдал үүссэн. Иргэд цахим картаа худалдан авч, зохих журмын дагуу явдаг болсноор энэ алдагдал багасна. Их хэмжээний алдагдал үүссэн энэ үед хоёр дахь суултыг үнэгүй болговол алдагдлын хэмжээ газар авна. Яваандаа нийтийн тээврийн газар дампуурч ч мэднэ” гэх тайлбарыг хийгээд сууж байх юм.
Үнэхээр нийтийн тээврийн шинэчлэл дампуурлыг авч ирэх гээд байгаа бол яах гэж эхлүүлэв гэдэг нь бас л олны анхаарлыг өөрийн эрхгүй татаж байгаа юм.
2013 оноос л яригдаж эхэлсэн нийтийн тээврийн шинэчлэл уг нь иргэдийнхээ нийтийн тээврийн ирээдүйн төлөө байх учиртайсан. Гэтэл олон тэрбум төгрөг зарцуулж хийсэн энэхүү ажил энэ хэвээрээ иргэдийн халаасыг хоосолсоор байвал удахгүй салхинд хийсч, нийтийн тээвэр дампуурч магадгүй юм. Товчхондоо нийтийн тээврийн шинэчлэл хотын соёл болж байгаа хэдий ч үүний цаана иргэдийн халаас руу хуруу дүрэх ”Уран мэх” хэрэгжиж байна гэхэд хилсдэхгүй.
24tsag.mn
Сэтгэгдэл (31)