Монгол Улс Оюу толгой хэмээх “охин”-оо Рио тинто гэх дампуу этгээдэд бэр оруулаад, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нь байгалийн цогцолбор Говь Гурвансайханы газарт довтолж, Гацуурт компани нь Ноён уулаа харьд дамласан дуулиан шуугиан намжиж амжаагүй байхад АН-ын гишүүн Б.Бурмаа Халх голын чөлөөт бүсийн тухай асуудал дэгдээлээ.
Монголын нутаг Монгол хүндээ ингэтлээүнэгүйдээд, ад болоо юу? Өвөг дээдэс алтан амь, бүлээн цусаараа авч үлдсэн Монгол улсын тусгаар тогтнол, эрх чөлөөг шинэ цагийн урвагч булхай төрийн түшээд үзэгний үзүүрээр шийдэгдэх болоо юу? Дорнод Монголын хээр тал дараагийн золиос уу?
... Монгол эх орны өглөө Халхголоос эхэлдэг
Алтан нарны шижир туяа
Нөмрөг, Соёлж уулс, Модот хамрын мөнгөн оргил дээр тусч
Халх гол, Буйрын мөнгөн давалгааг дамжин
Мэнэнгийн уудам талын хурдыг сорьж
Монгол эх орны өглөөг эхлүүлдэг ... (Л.Мягмарсүрэн) .
Монгол улсдаа 3 дахь том Дорнод аймаг (123,600 хавтгай кв.) хүн ам хамгийн бага суурьшсан 4 аймгийн нэг. Халх, буриад, барга, үзэмчин, хамниган угсаатны бүлгүүд зонхилон амьдардаг. Дорнод аймгийн Халх гол сум, хуучнаар Цэцэн хан аймгийн Илдэн вангийн хошуу 3,200 хүн орчим хүн амтай Монгол улсын хамгийн том нутаг дэвсгэртэй сум.
Монгол улсын халдашгүй дархан байдал, тусгаар тогтнолыг дэлхий дахинд тунхаглаж, хүлээн зөвшөөрүүлсэн 1939 оны Халх голын дайн нь хүн ам цөөн, байгалийн нөөц баялаг асар их, Монгол газарт санаархсан харийн түрэмгийлэлийг 25,778 аавын хүү, ээжийн охины халуун амь, бүлээн цусаараа зогсоосон түүхэн үйл явдал байсан.
Халх голын дайнд Монгол ардын хувьсгалт цэргээс 237, Хязгаарын цэргээс 43, ЗХУ-ын армийн 8931 цэрэг эрс алтан амиа алдсан гэж Батлан хамгаалах их сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн түүхийн секторын эрхлэгч хурандаа Д.Ганболд дүгнэжээ. Монгол нутгийн зүүн хязгаарыг батлан хамгаалах түүхэн үйл хэргийн нэг нь л Халх голын дайн байсан.
Монгол улсын дорнод хил хязгаарыг аюул гамшигаас хамгаалах, Монгол газрын асар их эд хөрөнгө түвд, энэтхэг, хятад руу урсаж байгааг зогсоох, энэ бүх буяныг нутаг орондоо тогтоох зорилгоор Халхын Сэцэн хан аймгийн жүн ван Бат- Очирын Тогтохтөрийн /То ван 1797- 1868/ санаачлагаар 1859- 1864 онуудад “Их бурхант” чулуун бурханы цогцолборыг барьсан нь өнөөдөр Монгол улсын хосгүй нандин өвийн нэг болоод байна.
Монголын газар шороонд шунах харь гүрний санаархал, манай улс тусгаар тогтнож буй цагт байсаар байх болохыг бүү март. Халх голын дайнаар Мана уул, Халхын сүмийн нутгаа алдснаа бүү март.
Монгол угсаатны нүүдлийн зүүн гол зангилаа болсон Дорнод Монголын тал нутаг түүх, археологи, палентлоги, хэл шинжлэлийн нээж амжаагүй талбар мөн. 1980- аад онд археологич Д.Баяр асан Дорнод Монголд хүний чулууны судалгаа хийгээд “... Дорнод Монголын хүн чулуу нь ХIII‐ХIV зууны үеийн алтан ургийн их хаадын угсааныхныг дүрслэн гаргасан биет хүний хөргүүд бөгөөд эдгээрийг өвөг дээдсийн тахилгын онгон шүтээний газруудад байрлуулж үеийн үед хүндлэн тахисаар ирсэн ..” гэж дүгнэжээ. Халх гол сумын төвөөс 7км-т байх Шонх таван толгойн хүн чулууны дүрслэл түүний судалгааны жишээ юм.
Монгол язгуурын нэр нэршил Дорнод Монголд илүү түлхүү ажиглагдаг бөгөөд үүнийг цаашид нарийвчлан судлах шаардлагатай хэмээн ШУТИС-ийн түүхийн ухааны багш Д.Сэрдарам нэгэнтээ өгүүлсэн нь тус бүс нутаг Монгол түүх, соёлын салшгүй нэг хэсэг гэдгийг дахин нотлох мэт.
Монгол хүн, Монгол газар шороондоо эзэн байхгүй бол эх орон гэдэг үгний утга үгүй мэт Эх орон – Монголчуудын зүрхэнд орших эрдэнэсийн хайрцаг харин хэдэн хүн үүнийг ухаарч байна вэ?
Халх гол сумын Ялалт музейн дарга Л.Мягмарсүрэн “ ... Эх орон гэдэг хоёрхон үгийг хэн ч цээжээ дэлдээд чанга дуугаар хэлж чадна .... чухам ямар үнэ цэнэтэй, хэрэгтэй, ач тустай юм бэ гэдэгт тэр бүр хариулж чаддаггүй. Өвөг дээсээс уламжлан үлдээсэн эх орныг баталгаажуулж, хамгаалах нь бидний хойч үед хийх ёстой зүйл ... “ хэмээн өгүүлсэн нь бий.
Хүн төрөлхтөн оршин буй цагт, алаг дэлхийн магнайд Монгол хүнийг дутаж, гачигдах зүйлгүй амьдрах нөхцөлийг бүрэн цогцлоож үлдээсэн өвгөдийн саруул ухааныг бишрэхээс өөр арга үгүй. Монгол газрын сөөм ч газрыг харийн шунаг саварт өгөх эрх хэнд ч үгүй. Монгол улсын Соёлын өвийг хамгаалах хуулийн 27.8 болон 27.10 заалтууд 2015 оны 7 сарын 9-ний өдөр УИХ-аас баталсан 75-р тогтоолыг хүчингүй гэдгийг бүрэн баталж байгаа бөгөөд харийн ятгалгад орж эх орноо худалдаж буй төрийн түшээдтэй хариуцлага тооцох ёстойг харуулж байна. Хуулиас ангид эрх мэдэлтэй гэж байх ёсгүй.
... Монгол эх орны өглөө Халхголоос эхэлдэг. Халх голын бүс нутгийг хөдөө аж ахуйн чөлөөт бүс болговол хараа үл гүйцэх Мэнэнгийн тал үгүй болно. Монголын өглөө хаанаас эхлэх вэ?
Хөгжил хүн бодлогын хүрээлэнгийн гишүүн
Т.Хишигдулам
Сэтгэгдэл (22)