-Тусгаар тогтносон улсын дотоод хэрэгт гадныхан яагаад оролцох болов?-
Саяхан даа, хоёр хоногийн өмнө “Транспаренси Интернэшнл” буюу Ил тод байдлын олон улсын байгууллага “Өршөөлийн хууль”-ийг эсэргүүцсэн мэдэгдэлийг монгол, англи хэлээр нийтэллээ. Нийтэллээ ч гэж дээ, ямар ч байсан Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон өдөр цацагдав.
Санаатай болон, санамсаргүйгээр тараагдсаныг эс мэдэх ч, уг мэдэгдэлд “Монгол Улсын Ерөнхийлөгч авлигын хэргээр мөрдөгдөж байгаа этгээдүүдэд өршөөл үзүүлэх тухай шинэ хуулинд хориг тавих ёстой гэж Олон улсын авлигын эсрэг хөдөлгөөн, Монгол дахь Ил тод байдлын Олон улсын байгууллага үзэж байна” хэмээсэн нь Монгол улсын Төрийн тэргүүний хийх ажлыг заагаад зогсохгүй, тусгаар улсын төрийн дээд байгууллага болох УИХ-ын шийдвэрт илтээр нөлөөлөх гэсэн гадныхны санаархалыг харж болохоор байна.
Монгол бол Тусгаар тогтносон улс. Ардчилсан, байнгын ажиллагаатай парламентын засаглалыг сонгоод 25 жил болж байна. Өөрөөр хэлбэл, олонхиороо асуудлаа шийддэг улс төрийн тогтолцоотой орон. Гэтэл Монголын засаг төр гадныхны барьцаанд орсон мэт байдал ажиглагдаж байна. Ялангуяа сүүлийн өдрүүдэд Өршөөлийн хуулиар далимдуулан олон улсын байгууллагууд Монгол Улсын дотоодын хэрэгт ичиж, айлгүйгээр хошуу дүрэх болсныг зүгээр ч нэг тохиолдлынх гэж дүгнэхэд гэнэн хэрэг болно.
Олон улсын авлигын эсрэг хөдөлгөөн, Монгол дахь Ил тод байдлын Олон улсын байгууллага нь Монгол улсын Төрийн тэргүүний хийх ажлыг заагаад зогсохгүй, тусгаар улсын төрийн дээд байгууллага болох УИХ-ын шийдвэрт илтээр нөлөөлөх санаархал агуулсан уу?
Миний санаж байгаагаар УИХ-ын ээлжит бус чуулганаар Өршөөлийн хуулийг хаалттай дэгээр хэлэлцэн баталж, баталсан өдрөөс нь дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн юмдаг. Хаалттай хэлэлцэж байгаа бүхэн олны анхаарлыг татдаг, бас тэр хэрээрээ хардлага, сэрдлэг дагуулдаг хойно “Өнөөх хэдэн хожгорууд чинь өөрсдийгөө өршөөчихөж...”. “Ардчилал сүйрлээ, авлига яллаа... гэсэн сүр, сүр үгтэй, гоё, гоё жиргээнүүд ч цахим ертөнцөөр дүүрэн.
Сөрөг хүчнийхэн ч энэ боломжийг алдсангүй дээр нь дэл, доор нь сүүл залган дээрээс нь давс нэмж хачирласан. Хамгийн хүчтэй тэсрэлт бол төрийн тэргүүнийх байлаа. “Тэвчинэ, тэвчинэ гэхэд яаж тэсэх вэ” гэгч л болов бололтой. Монголын хамгийн шударга улстөрч гэгддэг тэрээр нэгэн байгууллагын ойн хурал дээр гэнэтийн “бэлэг” барьж, цээжинд хуралдсан бухимдлаа “зад тавьж” санаагаа амраасан гэхэд хилсдэхгүй.
Одоо 76 “хожгор”-оос муу хүмүүс, нэг “можгор”-оос сайн хүн Монголд алга. Гадныхан хүртэл ганц “можгор”-ыг маань ил, далдаар ийнхүү балиашиглаад эхэллээ шүү дээ. Тиймээс Өршөөлийн хуулийн ард үнэн нь юу байгааг л бид олж харах ёстой. Өөрөөр хэлбэл, Монголын төрийн дээд байгууллага болох парламент “алдагдсан” эрхээ олж авч чадах уу, аль эсвэл АТГ-аар айлгасан улс төрийн бүлэглэлүүд “алдагдах” гээд байгаа эрх мэдлээ буцааж авах уу гэдгийг Өршөөлийн хууль шийдэхээр болж байна гээд хэлчихэд бодит үнэнээс тийм ч хол зөрөхгүй биз.
Асуудлын хамгийн том бөгөөд гол шалтгаан нь 76 нөхөр авлигчдаа, нэг нь аврагчдаа биш. Учир нь Өршөөлийн хуулийн ард Монголын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал ч дагаад хөндөгдөж буй болохоор үүнийг зөв харж, шийдэх цаг болсон. Үнэндээ гадаад, дотоодын бүлэглэлүүд Монголын УИХ, Засгийн газар, хууль, шүүхийнхнийг нь барьцаалж өөрсдөдөө нэн ашигтай шийдвэр гаргуулах болсоор удаж байгаа гэх хардлага бий.
Үүнийг нотлох мэт сүүлийн өдрүүдэд “Транспаренси Интернэшнл” буюу Ил тод байдлын олон улсын байгууллагаас удаа дараагаар Монголын төрийн дээд байгууллага болох УИХ-ын бүрэн эрхэнд илтэд халдсан мэдээлэл тарааж, мэдэгдэл хийх боллоо.
Чухам ямар зорилгоор “Транспаренси Интернэшнл” болон “Транспаренси Интернэшнл Монголиа” байгууллагууд Өршөөлийн хуулийг ихэд буруушааж байгаагаа хэвлэлээр цацах болов? Эндээс олон асуулт тавигдаж байна.
Нэг. Бүрэн эрхэт, тусгаар тогтносон улсын дотоод хэрэгт гадныхан яагаад оролцож эхлэв?
Хоёр. Монголын УИХ-аас баталсан Өршөөлийн хуулийг “Транспаренси Интернэшнл”-ийн гэх гадны байгууллага илтээр буруушаах болов?
Гурав. Энэ мэдэгдлийг ахин дахин цацах болсон тус байгууллагын далд зорилго юу вэ?
Дөрөв. Тусгаар улсын хэрэгт гадныхан оролцох нь үндэсний аюулгүй байдалд аюулгүй юу?
Тав. Монгол “авлигачдаа” өршөөх нь “Транспаренси Интернэшнл” гэсэн олон улсын байгууллагад ямар хохирол дагуулж байна вэ?
Зургаа. Гадныхны гар хөл хэн бэ?
Долоо. Нэр хүндтэй гээд байдаг “Транспаренси Интернэшнл” хэн нэгэн улс төрчийн захиалгаар, зориудаар мэдэгдэл хийж байгаа юм биш биз гэх зэргээр Өршөөлийн хуулийн сүүдэрт нуугдсан олон асуулт үнэнийг эрж байна. “Авлигачдыг өршөөлөө” гэх өнгөцхөн “шоу”-нд хууртагдахаасаа илүүтэй түүний ард баг өмсөөд зогсож буй аюулыг олж харах цаг болсон юм биш үү, УИХ-ын гишүүд ээ?
Төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага, УИХ-ын дарга, эрхэм гишүүд нэгийг бодож хоёрыг тунгаах цаг хаяанд ирж, хаалга тогшиж байгааг анзаарахгүй өнгөрөхийн аргагүй байна, цаана чинь.
24tsag.mn
Сэтгэгдэл (28)