Сэжигээр өвдөж, сүжгээр эдгэнэ гэсэн үг байдаг. Гэтэл өнөөгийн манай улсын эмнэлгүүд ёстой сэжиг хүргэж, өвчин тусгахаар өрөвдөлтэй байдалтайгаар үйл ажиллагаагаа явуулсаар өнөөдрийг хүрлээ.
Хүн ам нь даруй хэд дахин нэмэгдчихээд байхад улсын эмнэлгүүд нь анх баригдсан хэвээрээ л ёстой нэг модоо барьчихгүйхэн шиг үйл ажиллагаагаа явуулж байна гэхэд нэг их хилсдэхгүй буй за.
Ханиад томууны улирал хэдийнэ хаяанд иржээ. Жил бүр л хүйтний улирал эхлэхтэй зэрэгцэн ханиад томууны өвчлөл нэмэгддэг. Тиймээс ч эмнэлгүүд орны хүрэлцээгүй болж, аргаа барахдаа өвчтөнгүүдээ коридортоо ор засч, эмчилгээгээ явуулдаг түүх жил бүр л давтагддаг.
Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа хүн амыг дагаад өвчлөл ч нэмэгдэж, эмнэлгийн тусламж үйлчилгээг авах хүмүүсийн тоо өсдөг талаар мэргэжлийн хүмүүс онцолдог. Гэтэл эмнэлгийн орчин ахуйг сайжруулах, хэвтэн эмчлүүлэгчдийн ая тухыг хангах асуудал хөшигний ард үлдсээр байгаа нь үнэхээр харамсалтай.
Өнөөдөр эмнэлгүүдийн барилга ашиглалтын хугацаанаасаа хэтэрч, хөгц мөөгөнцөртөө баригдаж, өвөлдөө тэсвэр шалгахаар хүйтэн, зундаа борооны усанд автдаг дүр төрхтэй байдаг нь олны нүднээ илт. Түүнчлэн өвчтнүүдийн хэвтэн эмчлүүлдэг ор, шүүгээ, цаашлаад ариун цэврийн өрөө, хаалга, цонх, гэрэл чийдэн зэрэг нь XX зууны үеийнхээрээ байсаар байгаа нь ийнхүү өгүүлэхэд хүргэв.
Хүн амын эрүүл мэнд гэдэг улс орны аюулгүй байдал, өсөн нэмэгдэж, хөгжихийн илэрхийлэл болох учиртай байлтай. Ийн атал төрийн өндөр дээд албан тушаалтан, эрх мэдэлтэнүүд эмнэлгийн салбарыг хөсөр хаясаар өнөөдрийг хүрэв.
Дорвитой бүтээн байгуулалт хийгдэж, шинэчлэгддэггүй эрүүл мэндийн салбарын төсвийг нэмж, орчин ахуйг нь сайжруулахын оронд энэ жил эм, эмнэлгийн хэрэгслийн төсвийг танаж, эмнэлгүүдийг үүдээ барих хүртэл “сойсон”. Энэ нь мэдээж зөв шийдвэр биш байсан тул эм, эмнэлгийн хэрэгслийн төсвийг нэмж баталсан ч эмнэлгүүд дээр эм, тарианы хүрэлцээ тааруу байсаар байгаа юм.
Тиймээс ч өнөөдөр эмнэлгүүд зарим нэгэн эм тариа, боолт хэрэгслийг өвчтөнгүүдээсээ авч ирүүлж байгаа нь энэ салбарын хөгжил ямар түвшинд байгааг харуулж байна.
Уг нь үндсэн хуулиндаа иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авах эрхтэй хэмээн заасан атал өнөөдөр эмнэлгийн тусламж үйлчилгээ үнэ төлбөргүй авах боломж хаалттай болж, өвчтөнгүүд нь эрүүл мэндийнхээ төлөө халаасаа хоосолсоор байгаа юм. Ийнхүү хамаг бүхнээ зарцуулж эмчлүүлж байгаа эмнэлгийн орчин нь өвчтөн эдгэрээд гарах бус дахин өвчин тээгээд буцах орчин нөхцөлийг бүрдүүлж байгаа нь ч нууц биш.
Хагархай пялтан шал, гяхтнан дуугарах төмөр ор, шарлаж өнгө алдсан суултуур зэрэг нь дээр дурьдсанчлан ёстой л сэжигээр өвдөх нөхцлийг бүрүүлнэ. Энд тэр эмнэлэг, энэ эмнэлэг гэж нэр заахыг хүссэнгүй. Учир нь манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх л улсын эмнэлгүүдийн ерөнхий дүр төрх ийм л байгаа.
Харин ганц нэгэн эмнэлгийн өрөө тасалгааг сайхан сэтгэлт ард түмэн, сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгжүүд л тохижуулдаг. Түүнээс улс орноос хөрөнгө мөнгө гаргаж, засвар үйлчилгээг нь хангалттай хийлгэдэггүй.
Төрөөс батлаж өгсөн төсөв нь ганц давхарын будаг хийхэд ч хүрэлцдэддгүй гэдгийг эмнэлгийн удирдлагууд өгүүлдэг. Ийнхүү байдал хүндхэн байгааг ард түмэн уламжилж, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх талаар дорвитой ажлуудыг зохион байгуулахыг хүсч байгааг ээнд дахин өгүүлье.
Сэтгэгдэл (3)